Өрнөдийн эвсэл Афганистанаас цэргээ татсанаас хойш нэг жил өнгөрөв. Талибууд өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын бүх муж, хотыг хяналтдаа авч, төрийн эрхэд дахин гарсан билээ. Афганчууд олон мянгаараа тэднээс зугтан гадаадын цэргүүдийн хамт эх орноо орхин гарцгаасан. Эх орондоо үлдсэн афганчуудын амьдрал өнгөрсөн 12 сард хэрхэн өөрчлөгдсөн бол? “Жилийн өмнө тус улсаас гарах гэж цөхрөнгөө барсан олон хүнээр дүүрсэн Кабулын нисэх буудал одоо харьцангуй нам гүм, тайван болжээ. Зорчин ирэгсдийг битүү хар хувцастай эмэгтэйчүүд угтан, паспорт дээр нь тамга дарна. Сурталчилгааны самбарууд дахь хүмүүсийн зургийг дарж будсан, “Талибан” хөдөлгөөний цагаан тугууд салхинд хийсэж харагдана” гэж ВВС тус улсын өнөөгийн харагдах байдлыг дүрсэлжээ.
Талибууд Афганистаны ихэнх хэсгийг 1996-2001 онд захирч, хуулиа чангатгаж, хулгай хийсэн этгээдийн гар, хөлийг нь тасалж, охидыг сургуульд явахыг, эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглож байв. Уламжлалт бус хувцас, жишээ нь, жийнс өмсөхийг зөвшөөрдөггүй байсан. Энэ удаад төрийн эрхэд гарсан тэд исламын үнэт зүйлсийг хадгалан үлдэхээ амласан ч хэд хэдэн асуудалд илүү зөөлөн, уян хатан хандахаа илэрхийлсэн. Гэхдээ тэд хэлсэн үгэндээ хүрсэн үү?
ӨЛСГӨЛӨН ГАЗАР АВЧ, ЭДИЙН ЗАСАГ НЬ СҮЙРЧЭЭ
Афганистанд тулгарсан хамгийн том асуудал нь одоо өлсгөлөн. Талибуудыг засгийн эрхэд гарахаас өмнө тус улсын төсвийн зардлын 75 орчим хувийг гадаадын буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаас бүрдүүлдэг байв. Харин одоо эдгээр тусламжийн ихэнх нь хаагдаж, мөн АНУ-д голдуу байршуулсан Афганистаны Төвбанкны хөрөнгө битүүмжлэгдсэн. Энэ нь Афганистаны эдийн засаг, банкны системийг бараг бүрэн сүйрүүлэхэд хүргэжээ. “Талибан” хөдөлгөөнийхөн тус улсын хөрөнгийг буцааж өгөхийг нэхсэний хариуд Вашингтон хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүмүүсийг Төвбанкны удирдах албан тушаалаас огцруулахыг шаардсан. Талууд хэлэлцээ хийж байх хооронд Афганистанд ажилгүйдэл газар авч, гол нэрийн барааны үнэ өссөөр. НҮБ-ын тооцоолсноор одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 25 сая орчим нь ядуу амьдарч байна. “Миний ээж өвчтэй, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа ч эмчид үзүүлэх, эм авах боломжгүй. Эм худалдаж авбал гэр бүлээрээ хоолгүй болно. Ээжийгээ гэх үү, үр хүүхдээ гэх үү, мэдэхгүй байна” гэж Амина гэх афган бүсгүй ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Сар бүр хэдэн мянган афган хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас эмнэлэгт хэвтдэг. Мөн тус улсын алслагдсан бүс нутагт хүүхдүүд өлсөж үхэж байна. Афганистаны зарим гэр бүл дөнгөж төрсөн хүүхдээ зарж, үлдсэнийг нь тэжээдэг гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард зүүн өмнөд нутагт нь газар 5.9 баллын хүчтэй хөдөлсний улмаас наад тал нь 1150 хүн амиа алджээ. Хөрөнгө мөнгөний гачигдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааг явуулахад хүндрэл учирсан аж.
“Талибан” хөдөлгөөнийхөнд авсан олон улсын эдийн засгийн хязгаарлалтууд Афганистаны ард түмэнд сөргөөр нөлөөлж, тус улсыг сүйрэлд хүргэж байна” гэж олон улсын хүний эрхийн “Human rights watch” байгууллагын төлөөлөгч Жон Сифтон тэмдэглэжээ. Үүнийг “Биднийг түнэр харанхуй, зовлон зүдгүүр нөмөрч байна. Хүмүүст ирээдүйд итгэх итгэл алга” гэж Афганистаны зүүн өмнөд нутгийн Газни мужийн эмч Амена Арезо хэлсэн нь нотолно. Талибууд засгийн эрхэд гарсны дараа Афганистаны эдийн засаг 30-40 орчим хувиар буурч, хөдөлмөрийн зах зээл нь хурдацтай хумигдаж байна. “Би Иран руу явах гэж мотоциклоо зарсан ч ажил олдоогүй” гэж Ахмад гэдэг өөр нэг ажилчин ярьжээ. Афганистаны хамгийн ядуу мужуудын оршин суугчид хөрш Иранд улирлын чанартай ажил хийж, амь зуудаг байж. Харин одоо Иранд ч бас ажлын байр олдохгүй болсон гэнэ.
ТЭМЦЭЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Талибууд Афганистаны бүх мужийг хяналтдаа авч, Өрнөдийн орнууд цэргээ татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа бүхэлдээ зогсжээ. “Афганистаны хүчирхийллийн түвшин, байлдааны ажиллагааны улмаас амь үрэгдэгсдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан. Энэ нь нэг талаар талибууд өмнө нь АНУ болон НАТО-гийн дэмждэг байсан Афганистаны Засгийн газрын эсрэг тэмцэж байсантай холбоотой юм. Тэд амиа золиослогчийн халдлага, машин дэлбэлэх, гар хийцийн тэсрэх бөмбөг суурилуулах, отолт хийх зэрэг тактик ашигладаг байв. Тэдгээрт ихэвчлэн энгийн иргэдийн амь хохирчээ. Нөгөө талаар Засгийн газрын хүчин “Талибан” хөдөлгөөнийхний эсрэг, юуны түрүүнд агаарын цохилт өгөх аргаар тулалдаж байсан. Үүнд мөн л энгийн иргэд өртсөн нь цөөнгүй. Харин одоо энэ сөргөлдөөн эцэс болжээ” гэж BBC-гийн Афганистаны албаны радиогийн редактор, профессор Давуд Азами өгүүлсэн байна.
Фронтын шугамын дагуу амьдардаг байсан олон хүн, ялангуяа Афганистаны өмнөд болон зүүн нутгийн хөдөөгийн оршин суугчид өнгөрсөн жил талибууд ялсанд баяртай байжээ. Учир нь сүйрэл дагуулсан байлдааны ажиллагаа дууссантай холбоотой аж. Эдгээр мужид талибуудын хэт хуучинсаг үзлийг дэмждэг пуштунчууд голдуу амьдардаг. Гэсэн ч хүмүүс амиа алдсаар л байна. НҮБ-ын мэдээлснээр 2021 оны наймдугаар сараас 2022 оны зургадугаар сарын эцэс хүртэл Афганистанд 700 гаруй энгийн иргэн амиа алдаж, 1400 гаруй хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 50 орчим хувь нь “Исламын улс” бүлэглэлийн Афганистан дахь салбарын үйл ажиллагаатай холбоотой байв. Ихэнх тохиолдолд босогчид исламын шиит шашинтнууд болон бусад цөөнх амьдардаг бүс нутагт халдлага үйлддэг аж. “Исламын улс” бүлэглэлийнхэн одоо Афганистанд идэвхтэй байгаа ч талибуудаас хүчний хувьд хамаагүй сул” гэж Давуд Азами хэлэв.
Афганистаны хойд нутаг үе үе байлдааны халуун цэг болж, хуучин эрх баригчид болон Ахмад Масудын хүчинтэй холбоотой жижиг зэвсэгт бүлэглэлүүд талибуудтай мөргөлддөг. Эдгээр мөргөлдөөний цар хүрээ өмнөх жилүүдийнхээс хэд дахин багасжээ. “Гэхдээ одоо Афганистанд хүчирхийллийн өөр нэг хэлбэр бий болж байна. Тодруулбал, тус улс даяар “Талибан”-ыг шүүмжлэгчдийг баривчилж, эрүүдэн шүүж буй” гэж ВВС-гийн Афганистан дахь сурвалжлагч Секундер Кермани мэдээлэв. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд Афганистаны хуучин албан тушаалтнууд болон аюулгүй байдлын хүчнийхнийг шүүлгүйгээр цаазалсан 160 тохиолдол бүртгэгджээ. НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар Афганистан дахь нөхцөл байдал улам бүр тааварлашгүй болж байна. Талибууд засгийн эрхэд гарснаас хойших эхний саруудад бараг алга болсон гудамжны гэмт хэрэг ч одоо эргээд өсжээ. Энэ нь нэг талаар олон сая хүн ядуурч, өлсгөлөнгийн аюулд өртсөнтэй холбоотой байж болзошгүй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ХУМИГДАВ
Өнгөрсөн жил талибууд Афганистаны хэм хэмжээ, исламын үнэт зүйлсийн дагуу эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ гэж амласан. Гэвч эмэгтэйчүүдэд тавьдаг хязгаарлалтын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Засгийн газар дахь Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, оронд нь исламын шашны хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн яам байгуулжээ. Одоо эмэгтэйчүүдийг эрэгтэй асран хамгаалагчгүйгээр олон нийтийн газар явах, хотоос гарахыг хориглодог. Энэ оны тавдугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийг олон нийтийн газар гивлүүр өмсөж, нүүрээ халхлахыг үүрэг болгосон. Үүнийг зөрчвөл аав, эрэгтэй хамаатан садан нь баривчлагдаж, шоронд хоригдох аюултай. Мөн жилийн өмнө талибууд охидод үргэлжлүүлэн суралцах боломж олгоно гэж амласан ч эцэст нь тэднийг зөвхөн бага сургуульд сурахыг зөвшөөрчээ. Түүгээр зогсохгүй сургалтын хөтөлбөрийг өөрчилж, исламын шашинд илүү их анхаарал хандуулах болсон байна.
НҮБ-ын мэдээлснээр 1.1 сая охин сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болжээ. Үүнийг эрх баригчид эмэгтэй багш нар дутагдаж, охидод зориулсан тусдаа анги байгуулах шаардлагатай болсон тайлбарладаг аж. Албан ёсоор эмэгтэйчүүдэд бага ангийн багшаар ажиллахыг зөвшөөрдөг ч эдийн засаг хүндрэлтэй байгаа гэх шалтгаанаар тэдний олонход нь цалин өгөхөө больжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эмэгтэй жүжигчдийн тоглосон телевизийн киног хориглож, мэдээний эмэгтэй хөтлөгчдөд заавал нүүрээ халхалсан хувцас өмсөхийг ямар ч тайлбаргүйгээр шаардсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд талибуудын тавьсан хязгаарлалтын улмаас Афганистан дахь эмэгтэй ажиллагсдын эзлэх хувь 22-оос 15 болж буурчээ.
МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭСРЭГ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ
Талибууд 20 жилийн өмнө тус улсад засгийн эрх барьж байхдаа мансууруулах бодис тариалахын эсрэг амжилттай тэмцэж байсан. Энэ бодлого өдгөө ч үргэлжилж, намуу цэцэг тариалахыг дөрөвдүгээр сард дахин хориглов. Энэ шийдвэр хэр амжилттай болсныг дүгнэхэд хэцүү ч Гильменд мужийн зарим бүс нутгаас ирсэн мэдээллээс үзвэл талибууд үнэхээр тариаланчдаас намуу цэцгийн талбайгаа устгахыг шаардаж байгаа аж. АНУ-ын долдугаар сард гаргасан албан ёсны тайланд дурдсанаар талибууд тариаланчид болон хар тамхины наймаачдын дэмжлэгийг алдах эрсдэлтэй ч бууж өгөхгүй байгаа бололтой. Гэсэн ч энэ хоригийг хэрэгжүүлэх үед гол ургацаа аль хэдийн хураасан байсан гэж Афганистаны мансууруулах бодисын эдийн засгийн шинжээч, доктор Дэвид Мэнсфилд тэмдэглэжээ. Түүний хэлснээр Афганистаны баруун өмнөд нутагт жилийн хоёр дахь ургац ерөнхийдөө бага тул үүнийг устгах нь чухал нөлөө үзүүлэхгүй. Зэрлэг эфедра ургамлыг ашиглахыг хориглосон ч метамфетамин зэрэг бусад мансууруулах бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэнэ.
ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА
Эсэргүүцлийг дарахын тулд талибууд үг хэлэх эрх чөлөөнд асар их хязгаарлалт тавьжээ. 2021 оны есдүгээр сард “Талибан”-ы Мэдээлэл, соёлын яамнаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан шинэ дүрэм гаргасан. Тухайлбал, сэтгүүлчдэд исламын шашинтай харшилсан, үндэсний зүтгэлтнүүдийг доромжилсон мэдээлэл цацах, нийтлэхийг хоригложээ. Нэг дүрэмд “Нэвтрүүлэх, нийтлэх үед албаны хүмүүс батлаагүй асуултад болгоомжтой хандах хэрэгтэй” гэж заасан. Энэ нь яг юу гэсэн үг болохыг тодорхой заагаагүй. Үүний улмаас олон сэтгүүлч баривчлагджээ. Афганистаны Сэтгүүлчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн 544 хэрэгслийн 218 нь үйл ажиллагаагаа зогсоож, 7000 хүн нь ажилгүй болсон байна. “Афганистанд ажиллаж буй гадаадын сэтгүүлчид зарим талаар давуу эрхтэй. Талибууд тэдэнд хамаагүй зөөлөн ханддаг. Улс орны аюулгүй байдал бүхэлдээ дээшлүүлсний үр дүнд бид урьдынхаас илүү аялах боломжтой болсон. Гэсэн ч талибуудын байр суурь, тэр дундаа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандах хандлага нь хатуу ширүүн болж буй нь хэнд ч анзаарагдахаар байна” гэж ВВС-гийн сурвалжлагч Секундер Кермани тэмдэглэв. Афганистанд жагсахаар зориглосон хүмүүс ч дарамт шахалт, заналхийлэлтэй тулгарсан. 2021 оны наймдугаар сард Афганистаны эмэгтэйчүүд эрхийг нь зөрчсөн бодлогыг эсэргүүцэн хэд хэдэн хотод жагссан. Талибууд хариу арга хэмжээ авч, цугласан олныг тараахын тулд тэднийг зодож, автомат буугаар гал нээсэн. Үүний дараа Дотоод хэргийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авалгүй жагсахыг хориглосон ч зарим идэвхтэн жагсаал цуглаан хийсээр байна.
Шашны болон үндэстний цөөнхийн төлөөлөгчид ч асар том асуудалтай тулгардаг. Тухайлбал, өнгөрсөн жил Дайкунди мужид талибууд наад зах нь 13 хазарыг устгасны дотор Засгийн газарт бууж өгсөн есөн цэрэг, 17 настай охин байв. Энэ нь “Талибан” засгийн эрхэд гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа болсон юм. Исламын шиит шашинтай үндэстний цөөнх болох хазарчуудыг пуштунчууд ялгаварлан гадуурхдаг бөгөөд сүүлийн нэг жилд халдлагын тоо ихэссэн аж. АНУ-ын Тагнуулын төв газрын тэтгэвэртээ гарсан шинжээч Гейл Хелтийн хэлснээр ойрын хэдэн жил Афганистаны байдал харьцангуй тайван харагдах ч эцсийн дүндээ энэ нь эндүүрэл болж магадгүй нь. “Афганистанд “Талибан”-ы дэглэмийн үед энх тайван байдал тогтохгүй гэж бодохгүй байна. Гэсэн ч дотоод эсэргүүцэл намжихгүй. Энэ нь талибуудыг эсэргүүцэхийг хүссэн бүлэглэлүүд гарч ирэх боломж олгоно” гэж тэрбээр үзжээ.