Хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааг оюутан, сурагчид, эцэг, эхчүүдэд зориулан Сүхбаатарын талбайд энэ сарын 25-28-д зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд хичээлийн хэрэгсэл, ном, бэлэн хувцас, гар утас, компьютер, хүнс зэрэг бараа, бүтээгдэхүүнээ 150 гаруй аж ахуйн нэгж борлуулах аж. Мөн оролцогч байгууллагуудын танилцуулга, оюутан, сурагчдад зориулсан тэмцээн, уралдаан зэргийг зохион байгуулна. Оролцогч байгууллагуудыг зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн асар майхнаар хангах гэнэ. Үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн холбогдох албаныхантай хамтран зохион байгуулахаар болсон байна.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа