Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар танилцуулга, мэдээлэл сонсов. Үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчилж, “Насос станц 2”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй аж. Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Харин орон сууцын хорооллууд доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьд хүрсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан 194 солилцуур, 4124 ширхэг худаг, ус, дулаан дамжуулах 186 төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугамын угаалгыг хийжээ. Харин одоогоор 75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ.
11 ЦАХИЛГААН АВТОБУС, 60 ДИЗЕЛЬ АВТОБУСААР ПАРКАА ШИНЭЧИЛЖЭЭ
Нийтийн тээврийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэр дундаа парк шинэчлэлт 48, техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөцлөл 64 хувь байгаа аж. Тодруулбал, “Зорчигч тээвэр-3” болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар паркаа шинэчилжээ. Мөн хувийн хэвшлийн зургаан байгууллага 33 автобусаар нөхөн хангалт хийсэн аж. Үүнээс гадна 1774 тонн давс, 1730 тонн бодис нөөцлөөд байна. Улаанбаатар хотод 1965- 2000 онд барьсан 1077 блок угсармал орон сууц бий. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 6030 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА
Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын дахин төлөвлөлтийн хүрээнд хийж байгаа ажлын талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав. Ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105-д нь дахин төлөвлөлт хийхээр Засаг дарга захирамж гаргасан. Улмаар 99-ийнх нь хэрэгжүүлэгчийг шалгаруулжээ. 2022-2023 онд 11 багцын 24 барилгыг дахин төлөвлөж, 6030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 ам метр талбайтай байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 ам метрийг нэмж өгөх байдлаар тохиролцдог гэнэ. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөхөд хүрдгийг тэрбээр тодотгосон юм. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь иргэд нэг барилга дээр хоёр болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх хандлага түгээмэл байдаг аж. Тэр тусмаа нэг давхрын сууцыг зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн юм. ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцын дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэ ажилд ихээхэн анхаарал хандуулна. Шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцах болно” гэлээ.
Харин ИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслийн талаар хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгчийг нь шалгаруулж, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон ч нийслэлийн төр, захиргааны байгууллагаас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний ээлжид зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий, эсэхийг тодрууллаа. Түүнчлэн төлөөлөгч Б.Өнөбат дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр “Хуучны дөрвөн давхар барилгыг нураагаад, 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах санал гаргалаа. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа, дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, танилцуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газрынханд үүрэг болголоо.