Энэ сарын 8-15-нд нийслэлийн хэмжээнд 14 удаа түймэр гарчээ. Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчид энэхүү аюулаас 20 хүний амь, 355 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн түймрийн дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин он гарснаас хойших тохиолдлыг авч үзвэл 24.5 хувиар өссөн байна. Тодруулбал, сүүлийн найман сарын хугацаанд нийслэлд ахуйн гал түймэр 1240, ой, хээрийнх таван удаа бүртгэгджээ. Энэ нь аврах ажиллагаа явуулсан нийт дуудлагын 90 хувийг эзэлсэн аж.
Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг намрын хуурайшилтын үе гэж үздэг. Уг үед түймрийн тохиолдол эрс нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр хавар, намрын хуурайшилтын үе эрт эхэлдэг болсонтой холбогдуулан онцгой байдлын газраас иргэдийг түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Ялангуяа өнжмөл өвс шатааж, хашаа, байшин зэрэг эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг сануулав.
Бэлтгэсэн И.Мишээл