-Эдийн засгийн нөхцөл ямаршуухан чиг хандлагатай болсон гэж та үзэж байна вэ. Зарим улстөрч, эдийн засагч Монгол Улсад эдийн засгийн хямрал гүнзгийрч, дефольт зарлах нь гэж ярьж байхад нөгөө хэсэг нь сэргэх замдаа орсон гэж дүгнэж буй.
-Хүний биеэр зүйрлэж яривал эдийн засаг унжгар л байна. Сэргээд, чийрэгжээд сүйд болсон зүйл байхгүй. Энэ оны эхний улиралд эдийн засаг 3.8 хувиар агшсаныг бид мэднэ. Ерөнхийд нь харвал аль ч улсын эдийн засаг даяарчлалын хүчин зүйлтэй ихээхэн холбогджээ. Энэ нь эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засгийг бизнесийн орчлын талаас харж яривал тэлэлтийн шатандаа ороогүй. Манайхан бизнесийн мөчлөг гэж буруу яриад байдаг. Бизнесийн орчил гэж ярих нь зөв юм. Эдийн засаг уналтаас гарах анхны шинж тэмдгүүд нь илэрч байна. Энэ оны хоёрдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ямар гарахаас олон зүйл шалтгаална. Би бага хэмжээгээр өссөн дүнтэй гарч магадгүй гэж таамаглаж байгаа. Эрэлт талаас нь харвал өрхийн хэрэглээ нэмэгдсэн, хөрөнгө оруулалтын идэвхжил сайжирлаа. Экспорт зугуухан өсөж байна. Гэвч төлөвлөсөн түвшиндээ хүрээгүй. Импорт идэвхэжсэн. Дэлхийн бусад оронтой адил Монголын эдийн засагт тулгарч буй хамгийн том асуудал нь инфляц болсон. Инфляцын өсөлт та бидний халааснаас асуулгүйгээр татвар авчихаж байгаа мэт үзэгдэл шүү дээ. Тиймээс инфляцын татвар гэж нэрлэдэг. Инфляцын жилийн өсөлт 16.1 хувьд хүрлээ. Эл үзүүлэлт 2021 оны эцэст 13 хувьд хүрсэн. Түүнээс хойш 14-16 хувийн хооронд хэлбэлзэж байна. Монголын инфляцын 2000 оноос хойших түүхийг харахаар ганц 2021 онд буурсан сар гаргаагүй. 2000-2020 онд 3-9 дүгээр сарын хооронд инфляцын хурдац буурч байсан зүй тогтол харагддаг. 2010-2021 оны дундаж инфляц найман хувиас 0.5 хувиар их, эсвэл бага байх хэмжээнд аргамжаалагдсан. Монголчууд морио аргамждаг. Түүн шиг инфляцыг аргамжсан гэсэн үг.
Түүх талаас нь ч, хандлагаас нь ч авч үзсэн оны эцсээс инфляц буурна гэж төсөөлж байна. Өнгөрсөн оны эхэнд инфляц 3.8 хувь байсан. Төгсгөлд нь 13 хувьд хүрсэн. Дундаж нь 7.1 хувь. Өөрөөр хэлбэл, Монголбанк инфляцыг дээд тал нь найман хувиас бага түвшинд байлгах зорилтоо биелүүлсэн. Олон хүн зорилтоо биелүүлж чадалгүй инфляцаа алдчихлаа гэдэг. Миний тооцоогоор дундаж нь 7.1 хувьд л хүрсэн. Тэгэхээр инфляц өслөө гэж учир зүггүй сэтгэлээр унах хэрэггүй. Гэхдээ инфляцыг бууруулах талаар юу ч хийхгүй, дуугүй суугаад бай гэсэн үг биш. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден инфляцтай тэмцэх төлөвлөгөө гаргалаа. Монгол Улс гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийсэн. Инфляцад нөлөөлж байгаа гол зүйл нь тээвэр ложистик. Одоо тээвэр ложистикийн нөхцөлөө сайжруулах, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Энэ онд эдийн засаг өсөлттэй гарна гэж бодож байгаа. Чи асуултдаа дефольт болох талаар дурдлаа. Дефольт болохгүй. Монгол төртэй улс орон. Үүнээс гадна дефольт зарлахгүйгээр өр төлбөрийг зохицуулдаг санхүүгийн олон механизм бий. Гэхдээ Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэж байгаа нь үнэн. Улс орон төсвийн дүрмээ сайтар баримтлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өрийн хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Манайхан өнөөгийн бодит өрийн хэмжээгээ энэ хязгаарт нийцүүлдэг. Тухайн жилийн төсвийн алдагдлаа ч өр гэж тооцож, тогтвортой байдлын хязгаарт нь нийцүүлэх хэрэгтэй. Төсвийн алдагдлаа өр тавьж л нөхнө. Засгийн газрын өр, төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзвэл 2006-2022 он хүртэл төсөв зохиох арга мэх ашиглачихлаа. Засгийн газрын өр дээрээ төсвийн алдагдлаа нэмж, түүнийгээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулан бодит дүр зургаа харж байх ёстой юм. Алдагдлаа өр гэж тооцохгүй байхыг олон улс буруу гэж үздэг. Төсөвтэй холбоотой өөр нэг зүйл хэлье. Төвбанк инфляцыг тогтвортой нэг оронтой тоонд байлгах зорилт тавьдаг. Үүнийг хэрэгжүүлэх орон зай хэрэгтэй. Гэтэл төсвийг хэт тэлж давамгайлал үүсгэснээр мөнгөний бодлого хэрэгжүүлэх орон зайг хааж байна. Мөн Төвбанкийг хараат байдалд оруулж, зорилгоо хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрхэгдүүлдэг. Одоо Төвбанкны бие даасан байдлыг хангуулахгүй байгаа. Нэгдүгээрт, Төвбанкны бие даасан байдлыг хангуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, төсвийн зарлага, санхүүжилтийг сайтар анхаарах шаардлагатай. Татвар нэмэхгүйгээр, байгаа боломжоо ашиглаж төсвийн орлогоо нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдаас авхуулаад бүгд ярьж эхэллээ. Жишээ нь, Ерөнхий сайд нүүрсний хулгайг хөндөж тавьсан. Эдийн засгаа ингэж анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж байна. Үнэ өндөр байгаа учраас манай улс нүүрсний экспортоос оны эхний хагаст 2.3 тэрбум ам.долларын орлого олсон. Өмнөх онуудтай харьцуулбал, бараг бүтэн жилийн орлогоо олсон гэсэн үг. Нүүрсний экспортын орлого энэ жил эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөөлнө гэж харж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Эдийн засгаа хоёр хувааж харах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уул уурхай болон уул уурхайн бус гэж ялгаж харах хэрэгтэй. Эдийн засгаа бүхэлд нь харахад өсөлтийг нь зөвхөн уул уурхайн салбар бүрдүүлдэг юм биш. Хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ гээд олон салбарын өсөлт нөлөөлдөг. Мэдээжийн хэрэг нүүрсний экспортын биет хэмжээ өсөж буй нь сайн хэрэг. Экспортын орлого импортынхоос давж, гадаад худалдааны ашиг нэмэгдэх таатай нөхцөл үүсэж байна гэсэн үг. Түрүүн инфляц 16.1 хувь хүрснийг дурдсан. Үүний 9.2 хувийг импортын инфляц эзэлж байна. Импортын инфляцыг Монголбанк мөнгөний бодлогоор бууруулж чадахгүй. Харин Засгийн газар хил гаалийн эргэлтийг нэмэгдүүлж, худалдааг хөнгөвчлөх замаар бууруулах боломжтой. Ерөнхий сайд Монголын томоохон импортлогчидтой уулзаж, бизнест нь ямар саад, дарамт тулгарч буйг сонсож шийдвэрлэвэл инфляцыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Сүүлийн 30 жилийн экспортын бараа, бүтээгдэхүүний бүтцийг харахад уул уурхайнх нь 90, бусад нь 10 хувь гэсэн харьцаатай явж ирлээ. Одоо л бид уул уурхайн бус экспортод анхаарч, ярьж эхэлж байна. Түүнээс биш үйл ажиллагаа явуулсан юм алга. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлсан бусад орны туршлагаас харахад үнэ ханш өндөр, салхи аятайхан үлээж байх үед эдийн засгийн бусад сектороо дэмжиж эхэлдэг. Монгол Улс том төслүүдээ “хөдөлгөөд”, уул уурхайн бус экспортод анхаарах цаг ирсэн. Эдийн засгаа сайжруулахад ихээхэн нөлөөтэй, тустай, илбийн маягийн гурван үг бий. Эдгээр нь нэгдүгээрт санаа сэдэл, хоёрдугаарт сэжим түлхэц, гуравдугаарт чөлөөт өрсөлдөөн юм. Уул уурхайн бус экспортыг сайжруулахын тулд эдгээр үгийг ашиглах ёстой. Одоогоор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх санаа сэдэл, сэжим түлхцийн механизм төрд алга. Бор зүрхээрээ явж байгаа салбарууд бий. Ноолуур гэхэд олон улсын брэндинг хийх түвшиндээ очжээ. Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах ёстой. Монголбанк 2022 оны мөнгөний бодлогодоо уул уурхайн бус экспортыг дэмжих талаар заалт оруулсан. Монголбанк, Засгийн газартай хамтран ирэх ес, эсвэл аравдугаар сард уул уурхайн бус экспортлогчдын форум зохион байгуулах гэж байна. Энэ форумаар байнга ярьдаг зүйлээ давтах биш, бусад улс орон шиг уул уурхайн бус экспортынхоо хувь хэмжээ, нэр, төрлийг олшруулахын тулд ямар санаа сэдэл, сэжим түлхэц хэрэгтэйг ярилцана. Мөн чөлөөт өрсөлдөөний ямар механизм, санхүүжилт хэрэгтэйг хөндөнө. Манайхан санхүүжилт гэхээр зөвхөн хүү багатай зээлийн тухай ярьдаг. Гадаад худалдааны санхүүжилт хийх олон арга хэрэгслийг бусад орон ашигладаг. Экспорт ярихаар гадаад худалдааны яам байхгүй гэдэг. Байхгүй бол байхгүй л биз. Гэхдээ уул уурхайн бус экспортыг дэмжих санаа сэдэл, сэжим түлхцийн ямар механизм байна гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй. Төвбанк, арилжааны банкуудтай хамтраад хийх экспортын санхүүжилтийн ийм ийм цонхнууд байна. Энэ цонхон дээр Төвбанк мөнгөний бодлогоор ингэж нөлөөлж болно гэсэн мессeж өгөх зорилготой форум зохион байгуулах юм. Энэ үеэр ялангуяа Ерөнхий сайд Монгол Улс экспортлогч үндэстэн байх ёстой гэсэн мессeж хүргэх хэрэгтэй. Монгол Улс экспортлогч үндэстэн юм шиг харагдаж байгаа биз. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн дийлэнхийг нь бүрдүүлж байгаа учраас маш өрөөсгөл. Олон мөчиртэй, саглагар мод шиг төрөлжсөн экспорт хийдэг орон болох ёстой гэсэн мессеж хүргэх хэрэгтэй юм. Түрүүн Төвбанкны хараат бус байдлыг хангаж, мөнгөний бодлого хэрэгжүүлэх орон зай гаргах хэрэгтэйг дурдсан. Ингэх нь экспортыг өсгөхөд нөлөөлнө. Төвбанкны үндсэн зорилт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж 20-иод жилийн өмнө хуульд тусгасан. Одоо энэ концепц өөрчлөгдсөн. Бусад орон үнийн тогтвортой байдал бий болгохоор ажиллах болсон. Инфляц гэж зүйлийг ойлгох бидний ойлголт өчүүхэн байна. Инфляц гэдэг бол үзэгдэл. Тэр тусмаа мөнгөний үзэгдэл гэж үзэх явдал бий. Төвбанк үнийн тогтвортой байдалд анхаарах болсон. Гурван жилийн өмнө Төвбанкны хуульд ингэж тусгах гэтэл УИХ унагаачих жишээтэй. Зорилгоо өөрчлөх гэтэл УИХ нь унагаж буй нь хараат бус байдлыг хангаж чадахгүй байна гэсэн үг. Бусад орны Төвбанкны тухай хуульд ерөнхийлөгч нь ажлаа муу хийвэл чөлөөлнө гэсэн заалт байдаггүй. Манай хуульд тийм заалт бий. Хараат бус байдлыг хангах бэлгэ тэмдэг болсон ерөнхийлөгчийнх нь бие даасан байдлыг хангаж өгдөггүйн жишээ энэ. УИХ-ын дурын гишүүн ажлаа хангалтгүй хийж байна гэсэн үндэслэлээр огцруулах санал гаргах эрхтэй гэсэн үг. Хуульд Засгийн газраас хараат бус ажиллана гэж заасан. Энэ бол зөв заалт. Гэхдээ “Ковид”-ын хуулиар хараат бус байдалд нь халдсаар л байна. Монголбанк төсвийн чанартай үйл ажиллагаа явуулсан гээд 2016 онд өчнөөн юм болсон. Гэтэл одоо Төвбанкийг тийм зүйл хий гээд шахаад байх жишээтэй. Энэ бол зөвхөн Дэмбэрэлийн хэлж буй үг биш. Олон улсын санхүүгийн байгууллагууд, хөндлөнгийн судлаачид ч ингэж хэлдэг. Хараат бус байдлаа хангаж байж үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана. Манайхан үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангана гэдэг нь инфляцыг нам түвшинд байлгах зорилтыг хэрэгжүүлэхээс гадна валютын ханшийг барина гэсэн буруу ойлголттой байдаг. Төвбанкны тухай хуульд валютын ханш зах зээлийн зарчмаар тогтоно л гэсэн заалт бий. Монголбанк гадаад валютын албан нөөцөөс валютын ханшийн хэт хэлбэлзлийг арилгах журмаар интервенц хийдэг. Гэтэл валютын ханшаа алдчихлаа гэсэн дарамт ирээд, Төвбанкаар нөөцийг нь гөвүүлж байна. Тэгсэн мөртлөө нөөцөө нэмэгдүүл гэж шахаад байдаг. Төвбанк бодит секторыг захирдаггүй. Хуульд Төвбанк Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг удирдана л гэсэн үг байгаа. Арвижуулна гэсэн ойлголт байхгүй. Экспортыг нэмэгдүүлж байж гадаад валютын нөөцөө арвижуулна. Тэгэхээр Засгийн газрын хийх ажил байгаа биз. Ойлголтын зөрүүгээ арилгах ёстой юм шиг санагдаад байгаа юм.
-Саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчиллаа. Энэ айчлалын хүрээнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг тавих, Ханги-Мандалын боомтод төмөр зам тавих ажлыг Хятадын талаас анхаарах, Замын-Үүд-Эрээний боомтыг өргөтгөх шийдвэр гаргасан. Үүнийг Монгол Улс экспорт хийх хаалгаа томруулах нь гэж харж байна. Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Сүүлийн үед Засгийн газар алдагдсан боломжийн тухай хөндөж ярих болсон. Уг нь боломжийг алдах ёсгүй юм. Би түрүүн том төслүүдээ “хөдөлгөх”, уул уурхайн бус экспортод анхаарах цаг ирсэн гэж хэлсэн. Одоо зөв бодлого баримталж, зөв арга хэрэгслээр хэрэгжүүлэх ёстой. Бид боомт, тээвэр, замын асуудлыг шийдэх хэрэгтэй. Би энгийн жишээ ярья. Ховд аймгийн тарвасыг Улаанбаатарт авчрахад маш хэцүү байлаа. Шороон замаар долоо хоног тээвэрлэхэд ялзарч муудан, бяцардаг байсан. Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбосноор нэг хоногт авчирдаг болсон. Дэд бүтэц сайжрахын хэрээр Улаанбаатарын хэрэглэгчид Ховдын сайн чанартай тарвас идэж байна. Өөрөөр хэлбэл, марко хэмжээний томоохон төслүүдийг “хөдөлгөснөөр” микро түвшинд бизнесүүдэд зах зээлээ тэлэх боломж бүрдүүлдэг. Иргэд чанартай бүтээгдэхүүн хэрэглэж хожиж байна. Монгол шиг дэд бүтцийн хөгжил тааруу орон тийш нь хөрөнгө оруулалт хийхэд урт хугацаанд өндөр үр өгөөж өгдөг. Том төслүүд хэрэгжүүлэхэд улс төрийн гацаа, эрх ашгийн зөрчилдөөн их байлаа. Одоо үүнээс салах хэрэгтэй. Засгийн газар том төслүүдийг гацааж байгаа хүмүүст хариуцлага тооцно гэж яриад эхэллээ. Мега төслүүдийг гацаана гэдэг эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ. Манай Эрүүгийн хуульд хариуцлага тооцох механизм бий. Аливаа төслийг хувийн болон бүлгийн эрх ашгийн үүднээс улс орны эрх ашгаас дээгүүр тавьж гацаана гэдэг бол гэмт хэрэг. Одоо нэг зүгт хараад урт хугацааны хөгжлийн сууриа бэлдэж байна. Мэдээжийн хэрэг ингэх нь зөв. Гэхдээ асуулт дагуулна. Том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадын түншүүдээс зээл авбал, Засгийн газрын бонд гаргавал өр нэмэгдэнэ. Тэгэхээр өрийн менежментээ сайн хийх хэрэгтэй. Хоёр нам Засгийн газрын нийт өрийг хүн амдаа хуваагаад, манай засаглалын үед тэгсэн, танай үед ингэсэн гээд хоорондоо маргалддаг байсан. Энэ бол утгагүй зүйл. Эдийн засагт өрийг хүн амд нь хуваадаг зүйл байхгүй. Өрийн тогтвортой байдлын шинжилгээгээ дунд болон урт хугацаанд хийх хэрэгтэй. Төслүүдийнхээ үр ашгийг тооцож гаргах ёстой. Үүний дараа шийдвэр гаргах хэрэгтэй. Миний зөв бодлого, зөв арга хэрэгслээр хэрэгжүүлэх ёстой гэж хэлээд байгаа чинь энэ. Том төслүүдээ хэрэгжүүлэхэд төр давамгайлж болохгүй гэдгийг хамгийн түрүүнд анхааруулъя. Төр диспетчерийн үүрэг гүйцэтгэх ёстой. Хувийн хэвшлийг оролцуулж, санаа сэдэл, сэжим түлхэц, чөлөөт өрсөлдөөн гэсэн гурван үгийг төр мега төсөл дээр хэрэглэх нь зөв. Зөвхөн төрийн өмчит компани байгуулж хэрэгжүүлнэ гээд зүтгэвэл, хэсэг хүнд өмчлүүлбэл утгагүй зүйл болно. Мега төслүүдийн менежмент гэж зүйл маш чухал. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь зөв. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэхээр барих-ашиглах, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ гэж ойлгож болохгүй. Хоёр тал нэг зүгт явахын тулд харилцан ойлголцож, хамтын ажиллагаа үүсгэхийг төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед төрийн өмчийн менежмент гэдэг зүйлийг анхаарч байна. Менежментийг нь сайжруулна, хулгай хийгээд байвал удирдлагыг нь ажлаас чөлөөлнө гэж яриад эхэллээ. Монголчуудад хоёр экстрим хандлага бий. Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьчилчихвал бүх зүйл сайхан болно гэсэн хэсэг байдаг. Тэгвэл төр менежмент хийж болдог юм шүү гэдгийг батлах гэж оролддог хүмүүс таардаг. Аль аль нь экстрим хандлага. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох хэрэгтэй. Энэ талаар яриад эхэлсэн. Банкуудыг IPO хий гэж шахахаас илүү төрийн өмчит компаниудынхаа хувьцааг гаргаж, олон нийтийн хяналтад оруулах ёстой. Энэ процессыг яаравчлах нь чухал. Хөрөнгийн зах зээлд гаргаснаар компаниудын ил тод, нээлттэй тайлагнах байдал нь сайжирдаг. Худлаа тайлагнах, нууц гэрээ хийх боломжгүй болдог. Сангийн сайд нь бүү хэл, Ерөнхий сайд нь харж болдоггүй нууцлалтай гэрээ хийдэг төрийн өмчит компани манайд бий.
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг хэлээд байна уу?
-Уул уурхайн бүтээгдэхүүний гол импортлогч төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын тайлагналыг сайжруулах ажлыг хийх ёстой. УИХ-ын индэр дээрээс Ерөнхий сайд уурхайн амнаас хил гартал тээвэрлэх зайд маш том хулгай байна гэдгийг хэлсэн. Уг нь Монголын засаглалын түүхэнд барагтай аавын хүү ингэж дуугарч байгаагүй юм. Л.Оюун-Эрдэнэ дуугарсан уу, дуугарсан. Гэхдээ одоо дуугүй болчихсон. Тэгэхээр тууштай биш байна гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүнийг тонныг нь хэдэн төгрөгөөр хаашаа, хэнд худалдах гэж буйг төрийн өмчит компани төрөөсөө нууж болохгүй. Үүнийг бизнесийн нууцад тооцох учиргүй. Төрийн өмчит компани төрдөө тайлагнаж байх ёстой. Гэхдээ нууцын журмаар тайлагнаж болно. Төрийн өмчит компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангаад ирвэл бидний одоо бэрхшээл болгож яриад буй гадаад валютын албан нөөц, экспортын болон төсвийн нэмэлт орлого өснө. Өөрөөр хэлбэл, солгой гараас зөв рүү нь орж ирнэ гэсэн үг. Ингэвэл төр менежментээ хийж чадаж байна гэсэн үг. Энэ талаас нь бодож цаашдын үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Хил гаалиар гаргахдаа бараа, бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг нь дарж мэдүүлдэг тохиолдол бий. Үүнийг олон улсад худалдааны баримтыг буруу мэдүүлэх гэдэг. Энэ бол олон улсад үзэгдэл болсон арга мэх. Ялангуяа нөөцөөр баялаг орнуудад ихээхэн тохиолддог. Энэ талын судалгаа Монголд ч бий. Би 2018 онд хийж байсан юм. Энэ судалгаагаар нотлогдох түвшинд үнэнд хүртэл нь баталчихсан. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспортод судалгаа хийсэн. Уг нь төмрийн хүдрийг хувийн компани экспортолдог. Гэтэл гажууд зүйл харагдаж л байна лээ. Төмрийн хүдэр бол валютын нөөц бүрдүүлж байх ёстой Монгол Улсын баялаг. Засгийн газар Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Цагдаагийн ерөнхий газрыг багтаасан том ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тэгээд бүх гэрээг нь нууцын журмаар үз. Тэгвэл бүх зүйл ил тод болно. Нүүрс бол харьцангуй гайгүй. Гэхдээ сэтгүүлчид олон булхайг нь гаргаж бичдэг биз дээ.
-Монголчууд арван жил төмөр зам тавиулаагүйн алдагдсан боломжийн тооцоог гаргаж ярьдаг. Баялгаа дэлхийн зах зээлийн үнээр борлуулж, зохих татвар, хураамжийг нь авч чадахгүй байгаа нь мөн л алдагдсан боломж биз дээ.
-Алдагдсан боломж гэдэг зүйл бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Жишээ нь, түгжрэлд ямар их цаг хугацааг алддаг билээ. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл эдийн засгийн ойлголт болж хувирна. Алдагдсан боломжийн тухай яриад эхэлж байгаа нь сайн хэрэг. Эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болохоор байсан үе тохиосон нь үнэн. Үүнийг хууль, шүүхийн хүрээнд шийдэх ёстой. Одоо боломжоо алдахгүй байх үе. Том төслүүдээ “хөдөлгө”. Ингэхдээ УИХ, Засгийн газар, хувийн хэвшил, ард түмэн нь нэг зүгт харсан байх ёстойг бодож ажилла. Ил тод, нээлттэй тайлагнах засаглалыг төрийн өмчит компаниуддаа тогтоо. Энэ боломж Засгийн газрын гарт бий. Зүгээр л хийх ёстой. Зарим хүн үүлэн чөлөөний нар шиг сайхан цаг тохиож байна гэсэн зүйрлэл ашиглаад байдаг даа. Түүн шиг л цаг хугацаа одоо тохиож байна.