Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй. “Амьдрахуй ” туужаас
“Үймрэн ганцаардсан гүн зовлонт үед... гэж
Улиглан, шүлэглэн гуниглахгүй...
Үүрээр, борооны үнэртэй навчис шалбаагт эргэлдэн унахад л
Амьдрах-эр зориг, арга ядсан ч эр зориг байж болохыг санана
Тэртээх Түнэлийн хөндийд тэрэгчин өвгөн усаа зөөж
Тэрэгнийх нь арал, нөмөрсөн зувцаа, усны торх, сур, ногт гээд
Тэрэгтэйгээ, хүнтэйгээ, морьтойгоо мөсөн унжлага болчихсон атлаа
Тэнийтэл инээчихсэн, атийтал даарснаа ч хайхрахгүй
Тэртээ талаас энэтээ тал хүртэл уур савсуулан явдаг нь санагдана
Тэрэг чийхарч, сунайсан мөр нь-хөр цас, хүйтэн шалбааг, хөх ногоон дээгүүр
Тэнгэрийн доор, дөрвөн улиралд тасралтгүй зурайдаг нь санагдана...
Тийм нэг дүр зургийг ийм нэг бороотой өдрөөр
Тэнсэж цэгнэсэн юмгүй зүгээр л санахад
Тэнхээ гэдэг л амьдралыг дааж гардаг санагдана
Тэвчээр гэдэг л зовлонг сөхрүүлж чаддаг санагдана
Тэрсхэн арван хүүхэд нь, тэдний дундах нь надтай чацуу
Тэнгэр баганадсан сайхан эр, хилээ манадаг нь санагдана.
Өнгөрсөн хавар санаандгүй олж харсан өвгөний зураг
Өвөр энгэртээ одон яралзуулж, шинэ дээлтэй...
Өгүүлэхгүй ч, нүднээс нь амьдралын хат зовлонг туулсан атлаа
Үгүйрч гуниагүйн хат тэвчээр ханхлах шиг санагдсан...
Тиймээс л одоо, “Үймрэн ганцаардсан гүн зовлонт үед...” гэж Улиглан, шүлэглэн гуниглахгүй
Үүрээр, борооны үнэртэй навчис шалбаагт эргэлдэн унахад л
Амьдрах-эр зориг, арга ядсан ч эр зориг байж болохыг санана
Дурласан хүн шиг нэг л өөр төлөвт амьдрах
Дуулж буйг нь мэдэхгүй ч шувуудын жиргээ чагнаархах
Дурсамж гэнэт сэдэрч, хар шөнөөр сэвлэг шанх анхилах
Дуусгалгүй орхисон шүлгээ дундаас нь ахин үргэлжлүүлэх...
Дотор минь өлгөөд орхисон өнөөх гитарын чинь утас
Долоо болж зүүдэнд үзэгдээд, аргил хөгөөр дуурсах...
Тэр аргил хөг шиг тэлгүүн уужим чинь санагдахад
Тэсгэл алдарч, цаг хугацааг пянз шиг эргэлдүүлмээр болох...
Хавар... “Ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс” гэх шүлгийн мөр
Учир дэвсээгүй атал зүтээр л санаанд орох...
Өвөлжин дээрээс дарсан тэнгэрийн жин сая нэг хөнгөрч
Үүл хавж нисэх онгоцыг хүүхэд шиг дагуулж ширтэх...
“Одоо явлаа” гэсэн үгийн чинь бэлгэдэл тэр хөлөг
Одоо хэр чамайг авч ниссээр л байгаа санагдах...
“Битгий яваач дээ, би тэгвэл..!’ гэж гуймаар байсан атлаа
“Би яах ч үгүй дээ” гэж жишүүхэн хэлснээ буцаамаар болох...
Хавар... Түлш үнэртсэн харанхуй хонгилд гэнэт олж харсан инээмсэглэл
Түргэн түргэн алхаж ирснээ
“Сайн уу?” гэж мэндэлсэн мөч
Гитарынхаа утсан дээр дөнгөж хүргэчихээд, харцыг минь хүлээх сайхан хуруу
“Гэр чинь энд байдаг нь ямар гоё вэ!” гэх хүүхдийнх шиг үг
Нисэх мэт хурдлан давхиад,
“Энийг сонс доо” гэж чи хэлнэ
Нэг л сайхан дуу шиг өдрүүд
гэгэлзтэл санагдах, хавар...
Хоол эрж, бяцхан шувууд цонх тогшлоход
Хэл дуулгахаар сахиулсан тэнгэр ирсэн мэт догдлох
Хэнээт дурлагч би...
Цуцсан модод салхинд чичрэн гиншихэд нь
Чухам өөр шигээ санаад тэврэх гэж гараа алдлагч
Хэнхэг солиот би...
Өдөржин нэг л аязыг уйгагүй сонсож
Үгсийн дотуур тэнүүчлэн дотно дулааныг хайх
Халаглам ганцаардмал арван зургаатай охины Хайран ирээдүйг баллагч би
Царцсан гудамжнаа шөнө дүлээр
Царайгаа гэрэлтүүлэн хэн нэгнийг хүлээж асан
Хорин тавтай тэр л үе рүүгээ буцаж очоод
Хор шартайгаар бүхнийг шинээр эхлүүлэх сэн гэж
Хожимдон гансрагч би
“Хэзээ эртийн шүлэг шиг яриа,
Хэт нь улам тодсох тэр л бүдэгхэн дуун бол Амьдралын минь хамгийн үнэтэй дурсамж” гэж
Аяархан бувтнасаар хэвтрээ тэмтчих
Ахиад сэрэхгүй байлаа ч харамсахыг даанч мэдэхгүй
Хүүхдээрээ өтөл би Өглөө сэрэхэд л навчис уначихсан байдаг
Шөнө нь бороо шивэрч байдаг
Өнөөдрийнх шиг есдүгээр сарын өдрүүдэд дуртай
Навчсын сүнс амилаад хаа сайгүй нисэлдэхдээ
Намрын хотыг улам үзэсгэлэнтэй болгодогт
Хаа нэгтээ алхаж буй намуухан дүртэй нэгнийг
Хайрладгаа мэдрэхэд, сэтгэл улам тунгалаг болдогт
Үнэндээ үүнийг л мэдрэхээс илүү хүсэл төрдөггүйд
Өөрийнхөө зүрхийг зовлонгоос ингэж бодоод л чөлөөлөхөд
Харамсал, шаналал гэдэг ердөө л хааяа намайг “эргэдэг”
Хаа эртийн танил шиг минь, тийм эгэл болчихдогт
Хачин их дуртай би, ийм л бүдэгхэн өдрүүдэд...
Ийм л бүдэгхэн өдрүүдэд сэтгэлээ тэнийтэл амьсгалдагтаа
Эглээс эгэл болж буйгаа, ээжтэйгээ адилхан болж буйгаа
Ид шидэд тэгсэн хэрнээ итгэдэг хэвээрээ л байгаагаа
Над шиг хэрнээ бусад шиг ахан дүүстээ заримдаа
Намрын мод шиг өөрийгөө ойлгуулмааратал чаддаггүйгээ
Нисэх гэж дэвээд л газарддаг ч нисэж байна гэж зүүдэлсээр байдаг
Нимгэн дальтай шувуу мэтээр өөрийгөө төсөөлөөд инээмсэглэхдээ
Нисэж сураад өндөрт дүүлж чадсан нэгний хойноос
Нэг их гүнзгий санаа алдаад гар даллаж зогсохдоо
Эхэлчихээд дуусгаж чадаагүй эртний бодлого шиг өгүүлбэрүүд
Энүүхнээс, яг одоо төгсгөлөө нэхэж буйг мэдрэхдээ
Асуулт шиг тэр нэхлүүдэд хариу олохоор алхахдаа
Аз жаргалаа мэдэрдэгтээ л ийм өдрүүдэд дуртай!