Цусаа бэлэглэх өдөр сар бүрийн 3-нд тохиодог. 89 дэх удаагийн Цусаа бэлэглэх өдөр өчигдөр тохиож, Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-өөс хүндэт доноруудыг урамшуулах үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүний хүрээнд 100-гаас олон удаа цусаа өгсөн иргэн С.Хүрэлбаатарт “Мөнгөн донор”, 70-аас олон удаа бусдад амьдрал бэлэглэсэн О.Самдан нарт “Хүрэл донор” цол, тэмдэг гардуулав. Мөн донорын эгнээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, хамт олноороо нэгдсэн “Грийн химистри” компанийнханд талархал илэрхийлсэн юм. Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй, хэвийн хэмжээнд байлгахад донорууд чухал хувь нэмэр оруулж байгааг ЦССҮТ-өөс онцоллоо.
Цар тахлын хөл хорионы улмаас өнгөрсөн хоёр жилд цус цуглуулах үйл явц тасалдаж, зарим үед нөөцийн хомсдол үүсэж байв. Харин энэ жил ийм хүндрэл, бэрхшээл харьцангуй багассан бөгөөд өнгөрсөн сарын байдлаар суурин хэлбэрээр цуглуулсан цусны хэмжээ 2021 оны мөн үеийнхээс 23 хувиар өссөн гэнэ. Түүнчлэн ЦССҮТ-өөс эмнэлгүүдэд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн жилийнхээс гурван хувиар өсөөд буй аж.