Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног өчигдөр эхэллээ. Уг өдрүүдийн энэ жилийн уриа нь “Энхрий үрсийнхээ төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” аж. Үүний хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал, ач холбогдлыг таниулах мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. 1992 онд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос энэхүү долоо хоногийг санаачилжээ. Үүний гол зорилго нь нялх хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь эхийн сүү, тэр дундаа төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулах гэдгийг олон нийтэд таниулдаг аж. Түүнчлэн хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг уриалах зорилготой юм байна. Манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллохтой холбоотой үзүүлэлт хангалтгүй байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар нийт нялхсын 50 хувь нь эхний зургаан сардаа эхийн сүүгээр дагнан хоолложээ. Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдүүдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллож буй юм байна.
Хүүхдэд ангир уургийг эрт амлуулах нь нярайн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг гэнэ. Мөн суулгалт, уушгины хатгалгаа өвчнөөр эндэх эрсдэлийг 75-93, илүүдэл жин болон таргалалтад өртөхийг 22 хувиар бууруулдаг болохыг олон улсын судалгаагаар тогтоосон байдгийг НЭМҮТ-өөс онцлов. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь ээжид ч ач холбогдолтой бөгөөд хөхний хавдар болон эмэгтэйчүүдийн бусад өвчнөөс сэргийлдэг байна.