ДБЭТ-ын БНСУ дахь төлөөлөгч, балетын багш Д.Одмаа тус улсад амьдардаг эх орон нэгтнүүддээ зориулж “Сонгодог урлаг” өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийг Сувон хотын “Жин арт” төвд маргааш товлосон байна. БНСУ-д саяхан болсон олон улсын балетын уралдаанд тэргүүлсэн, ДБЭТ-ын гоцлооч Ө.Мөнхжин, балетчин Б.Хулан нар өдөрлөгийн үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” балетын хэсгээс сонирхуулах нь. Мөн балетчин Т.Нямцэрэн, О.Даваадорж нар орчин үеийн бүжиг толилуулах аж. Тэд бас ганцаарчилж тоглох юм байна. Түүнчлэн тус улсад дуурийн дуулаач мэргэжлээр ахисан түвшинд суралцаж буй тенор Б.Батжаргал дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулах нь. Үүнээс гадна тус театрын балетын дасгалжуулагч багш, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ДБЭТ болон энэ өдөр тоглох уран бүтээлчдийг танилцуулж, сонгодог бүжгийн ач холбогдол, хүүхдийн хүмүүжил сэдвээр зөвлөгөө өгөх ажээ.