Английн Премьер лигийн шинэ улирал эхлэхэд 10 хоног үлдээд байгаа энэ үед К.Роналдугийн хувь заяа бүрхэг хэвээр байна. “Манчестер юнайтед” ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглох боломжгүй болсонд португал тоглогч сэтгэл дундуур байгаа. Тиймээс томоохон амжилтын төлөө өрсөлдөхөөр энэ зун хэд хэдэн багтай холбогдсон гэсэн мэдээлэл гарсан. Гэвч тэрбээр хараахан багаа солиогүй л байна.
К.Роналду өнгөрсөн даваа гарагт Лисбоноос Манчестерт өөрийн төлөөлөгч Ж.Мендешийн хамт иржээ. Тэрбээр “гэр бүлийн шалтгаан”-аар багийнхаа Тайланд, Австралид хийж буй аялан тоглолтыг өнжсөн юм. Өчигдөр СОРЕ агентлагийн мэдээлснээс үзвэл К.Роналдугийн төлөөлөгч Ж.Мендеш “Манчестер юнайтед”- ын удирдлагатай, тэр дундаа шинэ дасгалжуулагч Эрик Тен Хагтай уулзсан аж. К.Роналдуг ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглох боломжтой багт зээлээр тоглуулах хүсэлтийг Ж.Мендеш тавьсан гэж тус эх сурвалж мэдээлсэн байна. Гэвч “Манчестер юнайтед”-ийн удирдлага португал тоглогчийг өөр багт өгөх сонирхолгүй байгаа юм.
Түүнчлэн “Athletic”-ийн мэдээлснээр мягмар гарагт К.Роналду Каррингтон дахь бэлтгэлийн баазад ирсэн бөгөөд энэ үеэр түүнтэй нэрт дасгалжуулагч А.Фергюсон уулзсан байж магадгүй гэнэ. Энэхүү уулзалт нэг талаар нэрт тоглогчийг авч үлдэх гэсэн багийн оролдлого байж болох юм. Шинэ улирал эхлэхэд тун дөхөөд буй энэ үед К.Роналду багийнхантайгаа бэлтгэл хийх, эсэх нь ихээхэн анхаарал татаж байна.
Энэ зун К.Роналду Германы “Байерн” багт очих хүсэлтэй байгаа гэсэн яриа хүчтэй дэгдсэн. Гэсэн ч тус багийн удирдлага, тодруулбал, спортын албаны дарга Х.Салихамижич, захирал О.Кан, дасгалжуулагч Ю.Нагельсман нар түүнийг авах бодолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн Испанийн “Атлетико” баг португал тоглогчийг авахаар сонирхож байгаа гэсэн мэдээлэл гарсан ч ийм солилцоо хийх боломж, санхүү тус багт байхгүй талаар “Marca” бичив. Гэхдээ тус багийн дасгалжуулагч Д.Симеоне Криштэй хамтран ажиллахаас татгалзахгүй гэж байв. К.Роналдугийн нэр холбогдсон өөр нэг баг нь Премьер лигийн “Челси”.
Ийнхүү хэд хэдэн багтай холбогдсон ч ирээдүй нь тодорхой бус хэвээр буй супер тоглогчийн дараагийн “зогсоол”-ыг тодруулах “ажиллагаа” явсаар л байна. TVI, CNN Portuguesa зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээнд итгэх юм бол Саудын Арабын нэгэн баг К.Роналдуд 300 сая еврогийн санал тавьсан гэх. Энэ өндөр мөнгөн дүнгийн 250 саяыг португал тоглогчтой хоёр жилийн гэрээ байгуулахад, 30 саяыг Английн багт төлбөр болгож, харин 20 саяыг төлөөлөгчид нь гэрээ байгуулсны шагнал болгон өгөхөөр төлөвлөсөн аж. Гэхдээ ийм саналыг өдгөө 37 настай тоглогч хүлээж авах нь юу л бол. Тэрбээр багадаа нэг улирал Европын топ лигт дээд түвшинд тоглох хүсэлтэй гэдэг нь тодорхой юм. Байж болох өөр нэг хувилбар бол Лисбоны “Спортинг” баг. Тэрбээр хуучин багтаа дахин тоглох боломж бий ч зөвшилцөлд хүрэх тал дээр ихээхэн хугацаа авах нь тодорхой.
Хэдий Премьер лигийн шинэ улирал удахгүй эхлэх ч хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдахад дахиад сар гаруйн хугацаа үлдсэн. Тэр болтол супер одын дараагийн багийн тухай яриа дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд байх нь гарцаагүй юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар