Найруулагч Д.Баттөмөрөөр ахлуулсан багийнхны бүтээсэн, дауны хам шинжтэй хүүхэд гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны кино аравдугаар сард болох Варшавын 38 дахь удаагийн олон улсын кино наадамд уригджээ. Дэлхийн А зэрэглэлд тооцогддог уг кино наадам чансаагаараа Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастьян, Карлово Вара, Токио, Москва, Шанхайнхтай нэгэн эгнээнд жагсдаг аж. Кино продюсеруудын олон улсын холбоо нь үүнийг элит наадам хэмээн тооцдог байна. Урлаг судлаач В.Ганзориг “Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглолоо. Хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл зэрэг томоохон сэдвийг хөндсөн уг уран бүтээлийн Европ тив дэх нээлт Польш улсад буюу Варшавын хүндтэй наадмын үеэр болох нь” хэмээлээ.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой энэ бүтээл нь даун синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах зорилготой юм байна. Мөн монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх агуулгаар бүтээжээ. Цаашилбал монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл аж.