Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй АПУ компани энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого 391.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 28.2 хувиар өсжээ. Түүнчлэн цэвэр ашиг нь 82.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэн, нэгж хувьцаанд 77.18 төгрөгийн ашиг олсон байна. Энэ нь 2021 оны хоёрдугаар улирлын цэвэр ашгаас нэг хувиар өссөн дүн болжээ. АПУ нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг олгож буй бөгөөд өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд цэвэр ашгийнхаа 60 хувийг түгээж байв. Ташрамд дурдахад, тус компани нь өнгөрсөн жилийн долдугаар сард Монголын хөрөнгийн биржийн нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй анхны компани болсон бөгөөд өчигдрийн байдлаар нэгж хувьцаа нь 1327 төгрөгөөр борлуулагдлаа.