Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэрэг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн даваа гаргаас эхлэн тэмдэглэлээ. Соёлын төв өргөөнд даваа гарагт баярын хурал, урлагийн тоглолт болсон бөгөөд энэ үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасан юм. Харин 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтныг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 хүнийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж урамшуулав. Тэгвэл өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын, шүхэрчдийн болон сургуультай нохдын үзүүлэх тоглолт, хүчит бөхийн барилдаан болсон юм. Баярын эл арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэн, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсэж, Монгол төрийн цагдаа, дотоодын цэрэг нь улс орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөө, амар амгалан, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирснийг онцлоод өнгөрсөн 100 жилийн хугацаанд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ “Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр, шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно. Мөн цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллана” хэмээсэн юм.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч тэргүүтэй хүчтэнүүд эр бяраа хурцлан уран мэхийг уралдуулан барилдсанаас ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, улсын харцага Н.Золбоо түрүүлж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бөх, улсын харцага Н.Батзаяа үзүүрлэлээ.