Тэмээний бөх шиг шовгор уулсаар хүрээлүүлсэн Босгон ухаагийн өргөн дэнж дээр дөрвөн гэр цавцайна. Түүний баруун хойно дөрвөн эгнээ хэц татан 40 орчим хурдан хүлэг сойсон уяа шузга байх. Хурдан хүлэг морьдыг наранд цохиулахаас хамгаалан дун цагаан нэмнээгээр нэмжээ. Тэр нь алсаас дэнж газар цагаан тогорууд хуран буусан мэт харагдана. Уяа шузган дээр хэн нэгэн хурдан хүлгээ сойздон цэвэрлэж, өнгө зүсийг нь засаж харагдана. Гэрийн гаднаас унаа моринд мордсон хүү урд зүг рүү цогиулж одно. Монгол наадмын өмнөх ийм ахуй, айг үүсгэн амьдран суугаа хот айл бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн малчин П.Хатанбаатарынх. Хэзээний өн болдог, хээрийн өвс сугсран ургадаг үржил шимт нутаг бол Хэрлэнбаян-Улаан.
Тиймээс ч улсын чанартай отрын бүс нутаг болгосон биз. Хатан Хэрлэн савандаа багтаж ядан шугуйгаа зүсэн урсана. Баян-Уулын энгэр, бэлээр өвсний өндөр төө хүрчээ. Ийм сайхан нутагт сойсон хүлгийн шандас чангарахаас аргагүй.
Гадаадын цэвэр цусны азаргаар хээлтүүлсэн гүүг монгол азарганы сэлтийг огтолж хураалгадаг болсон. Үүнийгээ тавимал азарга гэж нэрлэнэ. Мөнөөх цэвэр цусны азарганд гүү эмхлэн хураах, сүргийн эзэн байх байгалийн өгөгдөл байдаггүй. Харин гүү гишгэх л үүрэгтэй. Тиймээс монгол азарганы сэлтийг огтолж гүү гишгэх боломжгүй болгоод сүргийн эзнээр “ажиллуулдаг” аж. Товир том биетэй эрлийз адуу сэрвээ өндөртэй байх нь дамжиггүй. Тэгэхээр нь уралдах морьдын сэрвээний хэмжүүрт багтаахын тулд мундааг нь шөвгөөр хатгаж, эмзэглүүлдэг гэнэ. Өнөөх адууны сэврээг хэмжих явцад мундаа нь эмзэглэсэн адуу навталзах нь ойлгомжтой. Ингээд л уралдах морьдын хэмжүүрт багтаачихна. Эрлийз унагыг нялхад нь эхээс нь салгаж давжааруулдаг гэнэ. Үүнийгээ “өлсгөж” жижигрүүлэх гэж уяачид нэрлэнэ. Заримыг нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай баруун Алтай руу явуулж, байгалийн хатуу ширүүнийг үзүүлж давжааруулдаг байна. Үүнийгээ “цөлөх” гэж нэрлэх. Уяачдын хийж буй зарим зохисгүй үйлдлийг сонсоход моринд хайртай монгол хүний зүрх ёг хиймээр. Эрлийз адуу уралдуулах гэж зүтгэдэг гол шалтгаан нь цол. Орой дээрээ морины толгойн сийлбэр бүхий улаан залаатай дөрвөн талт малгай өмсөхийн төлөө монголчууд юуг уландаа гишгээд байгаа юм бол.
Монголын холын зайн морин уралдааны өв соёлын тулгуур нь монгол адуу. Өв соёл, уламжлалаа хадгаламж үлдье гэвэл монгол адуугаа уралдуулан наадах ёстой. Баяр наадмын тухай хуулийг шинэчилж баталж, хоёр жилийн дараагаас улсын баяр наадамд зөвхөн монгол адуу уралдуулах шийдвэр гаргалаа. Энэ нь төр, засгаас өв соёл, уламжлалаа хадгалан үлдээхээр хийсэн томоохон гавьяа гэж зарим уяач дүгнэж буй. Төрийн бодлого, түмний хүсэл ийн нэг цэгт хүрчээ. Тиймээс манай сонины баг Улаанбаатарт ойрхон эрлийз адуутай, том цолтойг нь биш, хөдөөгийн эгэл боргил уяачийг сонгож сурвалжилга бэлтгэлээ. Бидний зорин очсон П.Хатанбаатар үг арвингүй ч үнэн сэтгэл үнэртүүлсэн монгол эр байв. Хөдөлмөрч нэгэн гэдэг нь хөдөлж суух, хэлж ярихаас нь андашгүй.
П.Хатанбаатарын аав Т.Пүрэв аймгийн алдарт уяач хүн байжээ. Өвөө Тожил нь улсын мэргэн хүн гэнэ. Тожил өвөө нь Ардын хувьсгалын 33 жилийн ойн буюу 1954 оны Үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн байна. Тэгвэл өвөөгийнх нь дүү Уламбаяр дараа жилийнх нь Үндэсний их баяр наадмын сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртжээ. Аймгийн алдарт уяач аавын хүү гурван настайгаасаа л хурдан морь унасан гэнэ. Үеийнх нь хоёр “хар” найз нь бас хурдан морь унана. Тэднийг ойр хавийнхан нь “Баян-Улааны гурван хар” гэж ёжилдог байж. Сайн унаачид учраас барагтай л бол айргаас мултардаггүй байсан гэнэ лээ. П.Хатанбаатар “Сайн унаач морио 10 морины урд оруулдаг гэж үнэн” хэмээсэн. Өөрийгөө сайн унаач байсан гэж магтах гээгүй ерөнхийд нь харж дүгнэлт хэлснийг энд дурдъя.
Уяач П.Хатанбаатар, эхнэр Энхээгийн хамт
Тэрбээр 1997 оноос хойш бие даан морь уяж эхэлжээ. Түүнийхээ тухай “Наймдугаар анги төгсөөд л мал дээр гарч, адуутай ноцолдож эхэлсэн. Дуртай юмандаа хүн хүч гаргадаг юм билээ” хэмээн инээвхийлэн ярилаа. П.Хатанбаатар адуутай ноцолдсон шиг ноцолджээ. Уургаа даялаад мордохдоо 15 азарга, 300 орчим адуу бөөгнүүлдэг гэхээр хэр амжилт гаргасныг нь хэлээд өгөх биз. Түүний хөдөлмөрийг үнэлэн гэргий н.Энхээгийн хамт аймгийн аварга малчин цолоор 2020 онд шагнажээ.
Тэдний адууны дээд угшил нь Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат З.Даваанэрэнгийн алдарт халзан азарга гэнэ. Мөнх төрийн мөнгөн магнай цолтой, алдарт хүрэн халзан азарга улсын баяр наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсан хурдан хүлэг. Тэднийд алдарт халзангийн удмын хүрэн халзан азарга байжээ. Хадуурдаг ч байнга түрүүлдэг хүлэг байж. П.Хатанбаатар “Манай халзан азарга хээр бэлчиж яваа ганц үхэр дээр ч, шонгийн модон дээр ч давхиад оччихно. Гэхдээ л эргэж замдаа орж уралдсаар байгаад түрүүлчихдэг байсан” гэж дурсан ярив. Энэ л элдэвтэй азарганы үр удам түүний адууны голыг бүрдүүлдэг гэнэ.
Хурдан морины сүүл 30 гаруй жил шууж буй П.Хатанбаатар сум, орон нутгийн чанартай наадмаас 40 шахам айраг хүртжээ. Энэ амжилтаараа 2014 онд сумын алдарт уяач цол хүртсэн байна. Түүний гаргасан хамгийн өндөр амжилт нь “Боржигон-2000” бүсийн уралдаанд хязаалан бор үрээгээ айрагдуулсан явдал. Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын түмэн агтны наадамд 2014 онд хязаалан үрээ түрүүлгэснээ тэрбээр ихээхэн тоодог. Учир нь Мөрөн сумын хүлгүүд их хурдан юмсанж. Тухайн жил тэр үрээ нь улсын наадамд уралдаад 39-т орж байжээ.
Туслах уяач, уралдаанч хүүхдүүдийн хамт
П.Хатанбаатар улсын наадамд цөөн очиж уралдсан уяач. Анх 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор хүүхэд байхдаа улсын наадмыг зорьж байжээ. Сонирхолтой нь тэр жил тэднийхэн Х.Сүрэнхор агсантай нэг гал болж наадамд явсан байна. Тухайн жил Х.Сүрэнхор агсны алдарт “Босоо” хээр азарга улсын наадам түрүүлээд, буцаж явахдаа машинд мөргүүлж эндсэн эмгэнэлт явдал тохиолдсон билээ. П.Хатанбаатар “Бид хамт адуугаа туугаад Богд уулын араар явж байгаад салсан. Х.Сүрэнхор гуайн адууг Батлан хамгаалахын сайд цэргүүдээрээ мануулна гээд Хужир булан руу явсан гэж санадаг. Бид Хонхорт хоносон. Гэтэл тийм муухай зүйл болчихсон байж билээ” гэж дурсав.
Тэрбээр малынхаа ашиг шимийг борлуулж, амьжиргаа залгадаг малчин хүн учраас зав муутай. Тиймээс жил бүр өөртөө дараа болохгүй цөөн тооны шигшмэл морьдоо сойж, голцуу сумын наадамдаа уралдаж, айраг, түрүү хүртдэг байжээ. Тар, хөлс, амралт гэсэн уламжлалт арга барилаар хүлэг морьдоо сойж байсан бол сүүлийн 2-3 жилд шинэ цагийн уяаны арга барилд суралцан, дадаж буй гэнэ. Орчин цагийн залуус бүгд ханагар давхил хийдэг шинэ цагийн уяаны дэг сургуулиар морио хөнгөрүүлэх болсон билээ.
Хөдөөгийн хөх уяач эр өнгөрсөн жил хот суурин газар өвөлжиж морьд тэжээж, зунд нь уяа сойлгыг нь тохируулах үүрэгтэй болжээ. П.Хатанбаатар өнгөрсөн өвөл гэргийтэйгээ Улаанбаатарын дэргэдэх Өлзийт хороололд өвөлжиж 40 гаруй морины уралдааны бэлтгэл ханган тэжээв. Хэдэн жилийн өмнө хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор байдсан гүүнүүдээ заржээ. Тэдгээрийг нь төрсөн дүүгийнх нь найзууд худалдан авсан байна. Мөнөөх байдсан гүүнүүд худалдан авсан залуус хурдан морио уяуулах санал түүнд тавьснаар өнгөрсөн намар Өлзийт хороололд төвхнөсөн аж. Тэрбээр гурван туслах уяач, дөрвөн унаач хүүхэдтэй, 40-өөд морины уяа сойлгыг тохируулж буй “Тэргүүн хурд” галын гол хүн болов. Сурвалжилгын баатар маань “Энэ жил л цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр, олон морь уяж үзэж байна. Өнгөрсөн жилээс моринд их гүн гүнзгий орлоо” гэж хошигносон.
Морьдоо богино зайд давхиулав
“Тэргүүн хурд” галын уяаны морьдын дийлэнх нь Хэнтий нутгийн унага. Тэгвэл Дорнодын гурав, Сүхбаатар нутгийн дөрвөн унаган морийг сойж байгаа аж. Нас бүрт 2-6 хүлэг хагсраажээ. Мөнөөх мөнх төрийн мөнгөн магнай халзан азарганыхаас гадна Агваан багшийн адуу, Хүүхэн шүүлэнгийн хээрүүд, “Босоо дэлт” хүрэн азарганы удмын адуу түүний уяа шузгыг дүүргэж буй гэнэ. Хурдан морьдоо өнгөрсөн тавдугаар 1-нээс Хэрлэнбаян-Улаандаа ногоолсон байна. Улмаар тухай салбарынхаа 25 морьдоо барьж авч, ёс төрийг нь хийн, сойж эхэлжээ. П.Хатанбаатарын уяа шузган дээр олны хэлдгээр 25 хувийн цустай эрлийз хязаалан үрээ нэг, азарга нэг байсан юм. Тэрбээр “Уясан морьд минь эрлийз адууг гүйцэхгүй шинжтэй болохоор нь цус сэлбэх зорилгоор цөөхөн эрлийз адуу авсан. Төрийн наадамд эрлийз морь уралдуулахыг хориглочихлоо. Тэгэхээр хуулиа дээдэлж, цаашид зөвхөн монгол адуугаараа уралдана” гэв.
Хэрлэнбаян-Улааны дунд сунгаанд түүний морьд нас бүрт өнгөлжээ. Бүр хэд хэдээрээ айрагдсан байна. Тэрбээр “Морьдын уяа сойлго сайн тохирч байна” хэмээн сэтгэл өег байв. Түүний төрөлх нутаг Дэлгэрхаан сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж, маргааш үргэлжилнэ. П.Хатанбаатарын уясан хурдан хүлгүүд одоо Хэрлэнгийн хөдөө аралд тоос татуулан хурдалж яваа биз. Сумынхаа 90 жилийн ойд уралдсан морьдынхоо байцыг хараад, дараа нь зүүн бүсийн даншиг наадамд хурд хуваах зорилго тавьснаа тэрбээр бидэнд дуулгасан. Манай сурвалжлах багийнхан түүнд Төв цэнгэлдэх хүрээлэнд уулзахын ерөөл тавиад хөлгийн жолоо эргүүлэв.