Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) хорт хавдрын туяа эмчилгээний 20 жилийн хоцрогдлыг арилгасан IMRT, VMAT гэх орчин үеийн технологийг нэгэн зэрэг нэвтрүүлснээ өчигдөр мэдээллээ. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “2019 онд бид туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппараттай болсон. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд 3D эмчилгээнээс IMRT, VMAT хэлбэр рүү шилжлээ. Энэ эмчилгээ нь шинэ технологи учир өнгөрсөн оны наймдугаар сараас хойш бэлтгэж, зургадугаар сард 11 хүнд эмчилгээ хийсэн. Удахгүй тархины болон бусад хавдрыг эмчлэх боломжтой стереотактик буюу мэсгүй технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр манай улсын туяа эмчилгээ дэлхийн жишигт хүрэх юм” гэв. ХСҮТ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг “Тархи, толгойд байршилтай хавдрын мэс заслын үед өндөр нарийвчлалтай төхөөрөмжүүд ашигласнаар бусад чухал эрхтэн туяаны нөлөөнд бага өртөнө. Мөн үндсэн хавдрыг бүрэн эмчлэх боломжтой. Хавдар дахих магадлалтай. Тэр үед мөн энэ технологийг ашиглан эмчилгээ хийх юм. Азийн орнуудад энэ эмчилгээг хийлгэхэд хамгийн багадаа 4000-6000 ам.долларын үнэтэй байдаг. Америк, Канадад түүнээс 10 дахин өндөр өртөгтэй. Харин одоо иргэд гадаад явахгүйгээр эх орондоо эмчлүүлэх боломж бүрдлээ” хэмээв.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал