Хүүхдийг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газрынхан хамтран мэдээлэл хийлээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Баяр наадмын үйл ажиллагаа сүүлийн 2-3 жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүйтэй холбоотойгоор энэ жил олон арга хэмжээг нөхөж тэмдэглэхээр товлосон байна. Мөн таван бүсэд хурдан морины уралдаан зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцох морьдын тоо ч нэмэгдсэн мэдээлэл бий. Он гарснаас хойш 82 уралдаан болж, 3816 хүүхэд оролцсон. Уралдааны явцад есөн хүүхэд мориноос унан бэртэж, гэмтсэнээс нэг нь харамсалтайгаар амиа алдсан тохиолдол гарлаа. Үүнтэй зэрэгцэн бүртгэлгүй уралдаан болж байгаа тул хуулиар олгосон чиг үүргийнхээ дагуу аймаг, сумуудын Засаг дарга нар орон нутагтаа зохион байгуулж буй хурдан морины уралдаануудыг бүртгэн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажлын хэсэг гаргаж, хяналттай зохион байгуулах шаардлагатай. Бүртгэлтэй уралдаанд хүүхэд эрсдэх нь бага байдаг бол бүртгэлгүй уралдааны үед унаж, бэртэх нь илүү. Мөн хүүхдийг хамгаалах хувцас, хэрэгсэлгүй уралдуулах тохиолдол гарч байна” гэв.
Үргэлжлүүлэн НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны осол, гэмтэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сэлэнгэ “Осол, гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл гэж үздэг. Үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Манай улсад тохиолдож буй нийт осол, гэмтлийн 86.6 хувь нь санамсаргүй, 13.4 нь санаатай осол. Мөн осол, гэмтлийн түвшин 6-8 сард эрс нэмэгддэг төдийгүй зам, тээврийн осол, хүүхдийн гэмтэл дийлэнх хувийг нь эзэлдэг. 18 хүртэлх насныханд ийм тохиолдол илүү олон байгааг анхаарах шаардлагатай. Бид болзошгүй осол, гэмтэлд хүүхэд өртөхөөс сэргийлж аймаг, дүүргүүдийн удирдлагад албан тоот явуулна. Мөн зам, тээврийн осол их гардаг хар цэгүүдэд Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын дагуу очиж ажиллана” гэлээ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Баярбаясгалан эхний таван сарын байдлаар хүүхэд холбогдсон хэрэг, зөрчлийн мэдээллийг танилцуулав. Тэрбээр “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас 941 хүүхэд хохирсон. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.4 дахин өссөн үзүүлэлт. Эдгээрээс 36 нь нас барсан бол 316 нь биедээ гэмтэл авсан байна. Мөн хурдан морины уралдаанд гэмтсэн хүүхдүүдээс гадна бусад байдлаар мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тэдгээрээс найман хүүхэд нас барсан бол тав нь биедээ хүнд гэмтэл авч, эмчлүүлж байна. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ хамаатан садан, өвөө, эмээгийнх рүү нь хөдөө явуулдаг. Очсон хүүхэд морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа унадаг. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд өртөж байна” хэмээлээ. Мөн тэрбээр “Хичээл, сургууль амарснаас хойш арван хүүхэд өндрөөс унаж бэртсэний гурав нь нас барсан. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” гэсэн юм.
ОБЕГ-ын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Должинхорол аялал, зугаалга нэмэгдэж буй энэ саруудад иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцолж “Он гарснаас хойш усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эндсэн. Амралт, аялал, зугаалгаар явахдаа эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн амь нас эрсдэж байна” гэв.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал