Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн анхдагч нэрлэгийн байгууламж, агуулах сав болон хангамжийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч БНЭУ-ын компаниуд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудтай мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхдагч нэрлэгийн байгууламж, агуулах, болон хангамжийн байгууламжуудын багцад анхдагч, вакуум нэрлэгийн болон ханасан хийн байгууламж, усан халаалтын систем, агуулах сав, резервуар, тэдгээрийн автоматжуулалт, цахилгаан хангамжийн дэд станцууд багтаж байгаа аж. Мөн авто болон төмөр замын ачиж буулгах, ус цэвэрлэгээний байгууламж, даралтат агаарын, шингэн болон хийн түлш хангамжийн, бамбарын, уур болон тэжээлийн ус түгээлтийн, азотын, цамхагт хөргөлтийн систем багтаж буй гэнэ. Түүнчлэн галын усны систем түүний резервуар, бохир ус цэвэрлэх байгууламж, удирдлагын серверийн хяналтын байрууд, даралтат сав, шугам хоолой, автоматжуулалт багтжээ.
Уулзалтад оролцохыг хүссэн компаниуд сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн ажлуудын мөнгөн дүн бүхий танилцуулгыг англи хэлээр бэлтгэн энэ сарын 4-ний дотор epc2.mongolrefinery@gmail.com цахим шуудангаар ирүүлэх шаардлагатай аж.
Бэлтгэсэн Т.Энхбат