АЙФО олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Д.Тулгамаа энэ удаа манай уншигч-сурвалжлагчаар ажиллалаа. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн зөвлөх Г.Соёлгэрэлтэй үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ын талаар ярилцсан юм.
-Хүний аль нэг эрхтэн согог, гажигтай болж, үүний улмаас чадвараа алдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болно гэж 1980- аад оны үед үздэг байсан. Тэгвэл орчны болон хувь хүний хүчин зүйл нөлөөлснөөр тухайн хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгоод байна гэж ICF үздэг. Жишээ нь, таяг тулчихвал нийгмийн амьдралд тодорхой хэмжээнд оролцох боломжтой атал тэр олон шат, гулгадаг зам, талбай нь тэр хүнийг явуулахгүй, хязгаарлачихаж байгаа юм. Үүнийг ДЭМБ 2001 онд тодорхойлж, ICF гэсэн шинэ ангилал гаргасан байдаг. ICF гэж юу болохыг та тайлбарлахгүй юу?
-ICF гэдгийг биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал гэж томьёолдог. Товчилж хэлэхдээ “үйлдлийн олон улсын ангилал” гэдэг. Эцсийн зорилго нь ерөөсөө л ямар нэгэн өвчин, эмгэгтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тал талаас нь үнэлж, нийгмийн оролцоог нь яаж сайжруулах вэ гэдэгт хариулах явдал. Оролцоог нь аль болох боломжит дээд түвшинд хүртэл нь нэмэгдүүлнэ гэсэн үг.
-Оролцоо гэдгийг тодруулна уу?
-Жишээ нь, хүүхэд бусадтай адил боловсрол эзэмшиж, тоглох учиртай. Гагцхүү дэмжиж, хөгжүүлэх нь чухал. Гэхдээ ICF бол өвчний онош тавихаас өөр ойлголт. Эмч тухайн хүн ямар өвчин, эмгэгтэйг оношлон тогтоож, ямар эм, эмчилгээ хэрэгтэйг нь хэлж өгдөг ч тэдний оролцоог яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр ажиллахдаа учир дутагдалтай байдаг. Өвчтөнөө нийгмийн талаас нь хардаггүй. Гэтэл орчин үед дан ганц өвчин, эмгэгтэй гэж бус, цогцоор нь буюу гадаад орчин, нийгмийн хүчин зүйл, эзлэх байр суурь гээд олон талаас харах нь маш чухал болчихоод буй.
-ICF-ийг хамгийн сайн нэвтрүүлсэн улс орныг нэрлэвэл?
-Үүнийг бүрэн хэрэгжүүлсэн улс орон гэж байхгүй. Бүгд л туршиж, судалж байна. Жишээ нь, Тайваньд томоохон судалгаанууд хийж, үр дүнг нь туршиж байна. Эсвэл тодорхой зарим салбар, хэрэгтэй гэсэн хэсэгтээ л нэвтрүүлж байгаа. Зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэглэж байгаа орон ч бий. Жишээ нь, БНСУ-ыг нэрлэж болно.
-Манайд аль салбарт нэвтрүүлсэн бэ?
-Эхлэл шатандаа явж байна. Илүү сайн ашиглаж байгаа жишээ гэвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг нэрлэнэ. Энэ комиссын үйл ажиллагаанд ICF-ийн үндсэн зарчмыг ашиглаж байгаа нь дэвшил юм. Зөвхөн оношинд нь тулгуурлаж, өвчтөн гэдэг талаас нь харснаар тухайн хүний боломжийг хязгаарлаж байгаа юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс ямар үүрэгтэй талаар тодруулахгүй юу?
-2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллахаар тодорхойлсон. Аймаг, дүүрэгт орон тооны бус салбар комисс ажилладаг. Уг хуулийн 37 дугаар зүйлд 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс тогтоохоор заасан. Комиссын дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Аймаг, дүүргийн түвшинд комиссыг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга удирддаг бол гишүүд нь Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, эцэг, эхийн төлөөлөл, нийгмийн ажилтан зэрэг байна.
Комиссыг 2015 онд байгуулсан. Эхэн үед оношийг үндэслэн шийдвэр гаргаж байсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролыг чухалчлах хандлага шинээр гарч ирсэн. Цоо шинэ бүтэц тул хөл дээрээ зогсоход тодорхой хугацаа шаардлагатай байсан. Ажил хариуцсан хүмүүсийг нь ч ойр ойрхон өөрчилдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л чадвар алдалтыг нь голчлон харж, түүнд нь үндэслэн асаргааны мөнгө л өгдөг. Ялангуяа Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс буюу хүмүүсийн ярьдгаар “группийн хурал”-аар хүүхдийн асуудлыг маш хялбаршуулан шийддэг байсан. Харин 2017 оноос ЖАЙКА-гийн “Старт” төслийн хүрээнд дээрх комисс хөгжлийн бэрхшээлтэй, эсэхээс үл хамааран ямар ч хүүхдийн бүх эрэлт, хэрэгцээг нь эхэлж тогтоон ажиллаж буй. ICF-ийн үндсэн зарчим л энэ шүү дээ. Ер нь хүүхэд юу чадаж байна вэ гэдэгт тулгуурлаж үнэлгээ хийнэ гэсэн үг. ICF-ийн үндсэн зарчим нь аль илүү чадварыг нь хөгжүүлэх тухай ойлголт юм. Жишээ нь, саажилтаас болоод сургуульд явж чаддаггүй ч уншаад сурчихсан хүүхэд байдаг. Тэгвэл унших чадварыг нь хөгжүүлэхийн тулд аль болох боловсролын талаас нь дэмжих шаардлагатай. Үүний тулд сургуульд явах хэрэгтэй. Улмаар сургуульд явахын тулд орчных нь саадыг арилгах ёстой.
Комиссын хурлаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, халамжийн эрэлт хэрэгцээг эхэлж тодорхойлоод, тухайн салбарын мэргэжилтнүүд тал талаас нь үнэлж, дүгнэсний үндсэн дээр энэ хүүхдэд ямар үйлчилгээ, тусламж, дэмжлэг үзүүлбэл бусдын адил сурч, хөгжиж болох вэ хэмээн хэлэлцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс байгуулсан нь том дэвшил. Комиссын үүрэг бол хүүхдийг бүх талаас үнэлж эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах төлөвлөгөө боловсруулж, шийдвэр гаргах явдал. Мэдээж асаргааны мөнгийг нь тогтооно. Үүнээс гадна ямар цэцэрлэг, сургуульд оруулж болох, хөгжлийн дэмжлэгийг яаж үзүүлэх, тэргэнцэр хэрэгтэй юү, түүнийг хаанаас олгуулах гэх мэтээр асуудлыг нь шийддэг. Аль болох ICF-ийн зарчмыг баримталж үнэлдэг. Би тус комиссын хуралд сууж байсан. Тухайлбал, боловсролын асуудал хариуцсан ажилтан нь нэг цэцэрлэгийн удирдлагатай яриад “Танайх руу ийм хүүхэд явуулахаар боллоо шүү” гээд хэлчих жишээтэй. Хэрэв ийм алхам хийгээгүй байсан бол тухайн хүүхдийн эцэг, эх “Миний хүүхэд цэцэрлэгт явах ёстой” гэж хэчнээн ухамсарласан ч хүүхдийг нь шууд хүлээгээд авахгүй шүү дээ. Харин комиссын шийдвэрийг тухайн цэцэрлэг биелүүлэх үүрэгтэйг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заачихсан. Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссынхныг сургалтад тогтмол хамруулж, бүх салбарын оролцоог хангах нь зүйтэй.
-Комисс үнэлгээ хийчихлээ. Үнэлгээний үр дүнг ямар хэлбэрээр гаргах билээ?
-Шийдвэр гаргаж, зөвлөгөө өгдөг. Тухайн хүүхдийг хэдий хугацаагаар хянах, асаргааны тэтгэмж шаардлагатай юу, ямар үйлчилгээ хэрэгтэй вэ гэдгийг тогтооно.
-Насанд хүрсэн хүмүүсийг ICF-ээр үнэлж байна уу. Надад хангалтгүй санагддаг. Манай улс 2006 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэж орсон. 2015 онд төрийн бус байгууллагуудын нэрийн өмнөөс сүүдрийн илтгэл бичихдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлгийн загвараар илүүтэй үнэлдэг талаар байр сууриа илэрхийлсэн юм. Жишээ нь, хөдөлмөрийн чадвараа 90, бүр 100 хувь алдсан гээд үнэлчихсэн хүнийг хэн ажилд авч, дэмжих юм бэ. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан зөвлөмжөөр Монгол Улс эмнэлгийн загвараа нийгмийнх болгон, шилжүүлэх, тодорхой институцүүдийг хаахыг чиглэл болгосон. Институц гэдэг нь, тухайлбал, сэтгэцийн эмнэлэг, халамжийн газрууд байж болно. Энэ мэт институцэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байлгахаар эрхийг нь илүүтэй зөрчиж, хүн гэдэг үүднээс харилцах нь хязгаарлагдмал болдог юм билээ. Ингээд зөвлөмжийн дагуу 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль баталсан. Үүнээс өмнө зөвхөн Нийгмийн хамгааллын тухай хуулиар бүхнийг зохицуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд халамж л хэрэгтэй гэсэн хандлага хүчтэй байсан шүү дээ. Эцэг, эхчүүд халамжийн мөнгө авахыг нэгдүгээрт тавьж байгаа нь ч үүний нэг илрэл. Та санал нэг байна уу?
-Хэрэгжүүлэхгүй байгаа. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааг сайжруулах ёстой. ЖАЙКА-гийн төслийн хүрээнд 2017 оноос сургалт явуулаад, нэлээд идэвхтэй байсан ч цар тахлын улмаас сүүлийн хоёр жил зогслоо. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх аргачлалыг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор бүх аймгийн комиссынхон, харьяалах байгууллагын удирдлагуудад бүсчилсэн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төв комисс хийсэн. Энэ хугацаанд комиссын хурал болоогүй. Харин сая гурван сайдын тушаалыг шинэчилж, бүх аймгийн комиссынхон, харьяалах байгууллагын удирдлагуудад бүсчлэн сургалт явуулсан. Дээрх аргачлалын дагуу үнэлгээ хийлгэчихсэн хүүхдийн цаашдынх нь хөгжлийн зам бага багаар нээгдэнэ. Гэтэл ямар ч үнэлгээ хийлгэхгүйгээр насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн маш хаалттай байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ нийгмийн оролцоо өндөр залуусын хувьд эцэг, эхийнх нь дэмжлэг маш өндөр байж ирсэн нь харагддаг. Чаддаг юмыг нь хөгжүүлчихсэн байна шүү дээ. Янз бүрийн спортоор хичээллэж, бүр амжилт гаргасан, хөлөөрөө уран зураг зурдаг гээд олон хүн бий. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусадтай хамт хөгждөг. Жишээ нь, аутизмтай хүүхдийг эрт үед нь бусад үе тэнгийнхэнтэй л хамт байлгахад амархан зүгширдэг юм билээ. Гурван наснаас нь өмнө бол бүр ч сайн. Харамсалтай нь, энэ үед үнэндээ эцэг, эхчүүд нь ч хүлээн зөвшөөрдөггүй. Тархины саажилтыг ч эрт үед нь буюу есөн сартайгаас нь өмнө мэдвэл маш сайн зүгширдэг. Ядаж л 18 сартайгаас таван насны хооронд, шинж тэмдэг тод илэрч байхад нь ICF-ээр үнэлэх шаардлагатай.
-ICF-ийг үлгэр жишээ хэрэгжүүллээ гэхэд ямар түвшинд очих бол?
-ICF-ийг баримтлаагүй хэрнээ ерөнхийдөө ижил зарчим баримталсан улс орнууд бий. Жишээ нь, АНУ Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын тухай хуультай. Үүнийхээ хүрээнд үзүүлдэг дэмжлэг, үнэлгээг нь ажиглавал ICF-ийн зарчим ерөнхийдөө харагддаг.
-Ерөнхийдөө Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон ICF нь нэг л зүйлийг яриад байгаа юм. Энэ ойлголт, агуулгыг манай улс ч хуульдаа оруулсан ч салбарлуулан хийх ёстой ажлаа орхигдуулаад байна. Жишээ нь, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хуралдахдаа ICF-ийг баримталдаг бол ажлын байрны тохируулгаас авхуулаад барилга, байгууламжийнх нь бүх стандарт өөрчлөгдөнө. Манай улсын нэгдэн орсон эл конвенцын нэмэлт протоколыг ч бид хүлээн зөвшөөрсөн. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороонд манай улсын иргэд шууд гомдол гаргах эрх нь дээрх нэмэлт протоколоор баталгаажсаныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Төрийн бус байгууллагууд сүүдрийн илтгэл бичих төдий л ажиллаж байна. Уг нь НҮБ үүгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш том боломж олгосон. Улс орон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсохгүй, асуудал нь шийдвэр гаргах түвшинд ирэхгүй, гэрийн мухарт хаягдчихаад байгаа учраас ийм боломж олгосон юм шүү дээ.
-Ер нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсаныг тодорхойлохын оронд ICF-ийн зарчмаар буюу зорилготойгоор чадварыг нь үнэлэх хэрэгтэй. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адилхан байна гээд заавал инженер, эсвэл эмчээр ажиллах ёстой гэсэн үг биш. Юу чадаж байгаад нь л үндэслэх учиртай.
Нөгөө талаас эцэг, эхийн хувьд хүүхдээ хөгжүүлье гэж бодож байгаа нь тун цөөн. Олонх нь асаргааны хэдэн төгрөгийг нь авах зорилготой л ханддаг. Уг нь хорт хавдартай хүүхдийг ч комиссын хурлаар оруулдаг, асаргааны мөнгө авдаг. Тэд эмчилгээ хийлгээд, бусдын адил суралцах боломжтойг нь комисс үнэлж, тулгарсан асуудлыг нь шийддэг. Ер нь асаргааны мөнгө авах эрхтэй бүх хүүхэд комиссын хуралд ордог. Японд гэхэд томуугийн хурц хэлбэрээр өвдсөн хүнийг хүртэл ICF-ээр ангилдаг юм билээ.
-Олон улсын жишгээр нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Манай улсын хүн амын 3.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн дүн бий. Бидний ойлголтоор заавал хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байж халамжийн мөнгө авах эрхтэй. Уг нь ICF-ээр үнэлээд, таван хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн дүн гарлаа гэхэд үүнээс халамжийн мөнгө авдаг нь хэд болохыг тооцоод гаргачих хэрэгтэй байгаа юм. Сарын 288 мянган төгрөгийн халамж авахгүй, өөрөө өөрийгөө аваад явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн цөөнгүй шүү дээ.
-Байлгүй яах вэ. Жишээ нь, аутизмтай хүүхэд бие махбодын хувьд хэвийн байдаг. Нөгөө талаас эцэг, эх нь хүүхдээ ямар гэдгийг нь мэдэхгүйн улмаас халамжид хамрагддаггүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээл нь ядуурлын шалтгаан болдог. Халамжийн мөнгөөр л амьдарч байгаа нь тэр хүний, өрхийн буруу биш. Энэ бол тогтолцооны асуудал. Тиймээс ICF-ийг том хүрээнд ярьж, хэрэгжүүлэх ёстой.
Бэлтгэсэн Б.Номин