Олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа хүмүүс үе үе “Замын голд хүн хэвтэж байсан, цагдаа, эмнэлэг дуудсан ч цаг алдаж ирлээ. Энэ үед хажуугаар явсан жолооч тухайн хүнийг дайрчих шахаад өнгөрсөн” гэсэн утгатай мэдээлэл оруулж, “бие биедээ туслах сэтгэлтэй байгаач ээ” хэмээн бичсэн байдаг. Унаж, татдаг өвчтэй, эсвэл согтуу, магадгүй осолд өртсөн хүн авто зам дээр хэвтэж байх тохиолдол цөөнгүй. Харин жолооч нарын нэлээд хэсэг нь тухайн хүнийг дайрчих шахаад өнгөрдөг. Зарим нь зогсож, цагдаа болон яаралтай тусламж дуудчихаад яваад өгнө. Ганц нэг нь зам дээр хүн байгааг харалгүй дайрч, амь, эрүүл мэндийг нь хохироох нь ч бий. Цөөн нь цагдаа, эмч ирэхийг хүлээн харж байгаад тэднийг ирмэгц мөрөө хөөн оддог. Тухайн хүн амьд уу, ямар гэмтэл, бэртэл учирсан бэ гэдгийг үзэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадахгүй харж зогсох иргэн маш олон. Зарим нь айж бэргээд ойртдоггүй.
Нэг хэсэг нь аливаа гэмт хэргийн гэрч, цаашлаад хариуцлагад татагдчих вий хэмээн болгоомжилж цагдаа, эмч нарт л найддаг. Энэ хугацаанд тухайн хүн эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүй байсаар амь нь ч хохирох магадлалтай. Хотод замын хөдөлгөөний хэт ачаалал түгжрэлээс шалтгаалж эмнэлгийн болон цагдаагийн байгууллагын яаралтай дуудлагын автомашинууд хугацаа алдаж ирэх тохиолдол цөөнгүй. Орон нутагт утасны сүлжээ, харилцаа холбооны хүртээмж тааруу, алслагдсан газарт цагдаа, түргэн тусламж очиход ч бас хожимдох тохиолдол гарч болзошгүй. Тэгэхээр хүн бүр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвартай болж, хэрэгтэй үед нь нэгэндээ тусалбал эрдэнэт хүний амь эрсдэхээс аврах боломжтой.
ОСЛООР НАС БАРАГСДЫН 70 ХУВЬ НЬ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДААГҮЙГЭЭС АМИА АЛДДАГ
Өргөн уудам нутагтай, төмөр замын сүлжээ хөгжөөгүй, агаарын тээвэр нь алслагдсан 3-4-хөн аймгийнхаа зорчигчийг тээвэрлэдэг манай улсад хатуу хучилттай болон шороон замаараа автомашинаар давхиж зорьсон газартаа хүрдэг. Ийм замаар давхиж явахад зарим хэсэгт гар утасны сүлжээ тасарч, айлын бараа ч үгүй байх нь бий. Энэ үед хэн нэгэн осолд өртсөн байхтай жолооч та бүхэн таарч болзошгүй. Харсаар байтал хүний амь дээсэн дөрөөн дээр байгаа тэр үед та түүнийг орхиод аяллаа цааш нь үргэлжлүүлэх үү, эсвэл эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үү, цагдаа, аврагчдыг дуудан ирэхийг нь хүлээн харсаар суух уу. Магадгүй алс газраас тусламж ирэхийг хүлээж чадалгүй осолд өртөгч иргэн цус их алдсаар амь нь эрсдэж ч болзошгүй.
Ийм үед ямар нэг байдлаар эмнэлгийн анхны тусламжийг зөв хүргэвэл осолд өртөгч тухайн хүний амийг аврах боломж бий. Монгол Улсад гарч байгаа нийт осол, гэмтлийн 20.6 хувийг зам, тээврийнх эзэлдэг гэсэн статистик байдаг. Өнгөрсөн онд гэхэд зам, тээврийн ослын улмаас 15 957 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 383 иргэн нас барсан. Тэдний 51 нь хүүхэд багачууд. 2475 хүн эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг ТЦА-ныхан мэдээлж буй. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ төрлийн ослын улмаас 4593 хүн амиа алдаж, 42 489 хүн гэмтэж бэртсэн. 2018-2021 оны авто замын ослын нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагын судлаач, шинжээч, мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийгээд 2022 оны 6-9 дүгээр сард 250-350 орчим жолооч, зорчигч амиа алдаж, 700-1500 хүн гэмтэж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд буй. Тиймээс зам, тээврийн ослоор нас барагсдын тоог бууруулахын тулд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг есдүгээр сарын 15 хүртэл өрнүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зорьж байгаа билээ. Нэг ч гэсэн хүний амийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн үүрэг хариуцлага, оролцоо чухал. Зам, тээврийн осолд өртөж нас барж болзошгүй гэж тооцоолсон энэ 250-350 хүнийг бүгдийг нь биш юм гэхэд, нүдэн дээр чинь осолдсон нэгнийг аврахын тулд эмнэлгийн анхны тусламжийг зөв хүргэж чаддаг, мэддэг байх ёстой юм. Зам, тээврийн ослоор сүүлийн таван жилд 2343 хүн амиа алдсаны 75 хувь нь орон нутгийн замд байгаа. Утасны сүлжээнээс авхуулаад эмнэлгээс алслагдсан газарт ийм явдал болж буй гэхэд хилсдэхгүй. 2021 онд гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном”-д дурдсанаар тухайн онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нас баралтын 15.5 хувь нь зам, тээврийн ослоос шалтгаалсан бөгөөд 10 тохиолдол тутмын долоо нь орон нутгийн замд гарчээ. Магадгүй тэдний хэдэд нь эмнэлгийн анхны тусламж хэн нэгэн үзүүлж чадсан бол амийг нь аврах боломж байсныг бид таашгүй.
Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн судалгаанаас үзэхэд зам, тээврийн осолд өртөж нас барсан хүмүүсийн 70 хувьд нь анхны тусламж үзүүлээгүй, эсвэл буруу үзүүлснээс амийг нь аварч чадаагүй байх юм. 20 хувьд нь эмнэлгийн тусламж хоцорч үзүүлсэн, 10 хувийг нь аврах ямар ч боломжгүй үхэл байсан гэдгийг эл нийгэмлэгийн судалгаанаас дээр дурдсан “цагаан ном”-д эш татсан байна. Тэгэхээр хүн бүр анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай бол олон хүний амь аврах боломжтой байх нь.
ЖОЛООНЫ ДАМЖААНУУД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ ЗААВАЛ ОРУУЛАХ ЁСТОЙ Ч ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ
ХЗДХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг энэ сарын 20-нд эхлүүлсэн. Нээлтэд оролцсон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Зам, тээврийн ослын үеийн анхны тусламж, яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, авто зам дагуух үйлчилгээний газар, цагдаагийн пост зэрэг газарт холбогдох төрийн байгууллагуудтай хамтран анхны болон яаралтай тусламж үзүүлэх жишиг цэгүүдийг МУЗН, ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын дэмжлэг, тусламжаар байгуулсан” хэмээж байв. Орон нутгийг зорих замд төвлөрсөн цэгээс хол осол гарвал мэдээж ойрхон яваа хэн нэгнээс л тухайн тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч тусламж хүсэх нь лавтай. Энэ үед жолооч автомашин дахь эмнэлгийн тусламжийн хайрцаг дахь зүйлээ гаргах биз. Гэвч тэр хайрцаг дахь зүйлс осолд өртсөн хүний амийг аврахад төдийлөн нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн нүдийг хуурах гэж бэлтгэсэн, чанаргүй гэж ч хэлж болох лент, хайч, хугацаа нь дууссан байхыг ч үгүйсгэхгүй эм, хэрэгсэл байдаг. Түүгээр хүний амь аварна гэж юу байх вэ. Харин тэр эмнэлгийн тусламжийн хайрцаг гээчийг гаргаж өгөхийн оронд жолооч өөрөө анхны тусламж үзүүлж чаддаг бол илүү үр дүнтэй байж мэднэ.
Зөвхөн зам, тээврийн гэлтгүй бусад осол, золгүй явдалд анхан шатны тусламж үзүүлэх арга зүйг багаас нь хүн бүрт суулгах ёстой. Уг нь дунд сургуульд “Хүний биеийн анатоми, физиологи, эрүүл ахуй” хичээл ордог байхад яс хугарвал, цус алдсан тохиолдолд ямар арга хэрэглэх, хиймэл амьсгал яаж хийх талаар заадаг байв. Тодруулбал, 1986 онд тухайн үеийн Ардын боловсролын яамнаас хэвлэсэн дээрх сурах бичигт анхны тусламж үзүүлэх талаар хичээл, зурагтайгаа бий. Харамсалтай нь, сүүлийн үеийн сурах бичгүүдэд энэ төрлийн хичээл бараг үгүй гэхэд болно. Тэгвэл жолооч бэлтгэхэд яагаад анхны тусламж үзүүлэх хичээл оруулж болдоггүй юм бэ. Монгол Улсад жолооч бэлтгэх хөтөлбөртөө уг нь осол, гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх тухай хичээлийг зургаан цаг орохоор тусгасан байдаг юм билээ. Гэвч жолооч бэлтгэж буй дамжаанууд энэ төрлийн багшид төлөх төлбөрөө харамлаж, өөрсдийнхөө халаасанд хийхийг чухалчилдгаас зургаан цаг битгий хэл, зургаан минутын ч сургалт ордоггүй гэдэгтэй шинээр жолооч болж буй залуус санал нэгдэх биз. Угтаа бол заавал үзэж, судалж, дадлагажих ёстой хичээл бол анхан шатны тусламж үзүүлэх байлтай.
Манайд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар олон улсын байгууллагууд л мэдлэг, мэдээлэл олгодог. Тодруулбал, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны дэргэдэх Олон улсын анхны тусламжийн лавлагаа төвийн удирдамжийн дагуу Финланд, Австралийн Улаан загалмай нийгэмлэгийнхэн МУЗН-тэй хамтран анхны тусламжийн хөтөлбөр боловсруулж, 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны сургагч нараар дамжуулан мэдлэг олгодог юм билээ. Ерөнхий боловсролын зарим сургуулийн МУЗН-ийн идэвхтэн, гишүүн сурагчид энэ сургалтад хамрагдаж, эмнэлгийн анхны тусламж үзүүлж чаддаг болсон гэдэгт итгэлтэй байна.
ИРГЭН БОЛГОН ЧАДАХ ЁСТОЙ
Хэн нэгэн золгүй явдалд өртөж, амь нь дээсэн дөрөөн дээр байгаа үед анхны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх ёстой. Тиймээс энэ төрлийн сургалтыг дунд сургуульд сайтар заах хэрэгтэй юм. Швед, Япон, АНУ гээд олон оронд хүүхдүүд анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай байдаг. Манайд нэг хэсэг эрчимтэй хөгжиж байсан скаутчууд ч ийм мэдлэг чадвар эзэмшдэг байв. Гэтэл өнөөдөр анхан шатны тусламж үзүүлэх чадвар сул, онцгой байдлын аврагч, яаралтай тусламжийн эмч нарт найдаад л хараад зогсож буй тохиолдол олон. Магадгүй ийм тусламж үзүүлэх мэдлэгтэй нэг нь тухайн үед цочролд орж хямардгаас хийж чадах зүйлээ гаргалгүй цаг алддаг байх. Алдсан минут, секунд бүр амь нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд чухал. Осол гарсны дараах 4-5 минутад мэргэжлийн эмч нар яаралтай тусламж үзүүлэх боломж тэр бүр байдаггүй. Харин тэр хугацаанд ойр байгаа хэн нэгэн, магадгүй уншигч та ч анхны тусламж үзүүлэх шаардлага гарч мэднэ. Ийм явдалтай таарвал мэдээж нэн тэргүүнд тэвдэж сандралгүй тайван байж, биеийн байдлыг сайтар нягтлаад осолд өртөгчийг тухайн объект, машинаас болгоомжтой гарган тэгш газарт хэвтүүлэн амьсгалж буй, цусны эргэлт явагдаж байгаа, эсэхийг нягтлах нь чухал. Өөрөөр хэлбэл, хүүхэн харааг нь шалгаж, амьсгалж, судас нь цохилж буйг нягтлах ёстой. Хиймэл амьсгалыг зөв хийж, сэргэсэн ч ухаан орохгүй бол хажуугаар нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй юм байна. Цус ихээр алдаж буй тохиолдолд хурдан тогтоох арга хэмжээ авах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Чангалуур тавих, боолт хийх, яс хугарсан үед чиг тавьж боох зэрэг арга хэрэглэх ёстой аж.
Зөвхөн зам, тээврийн ослоор тогтохгүй усанд живсэн үед хүний яаж аврах нь зөв, ходоод, амьсгалын замд орсон усыг хэрхэн гаргах, аянганд ниргүүлбэл, могойд хатгуулбал ямар тусламж үзүүлэх вэ гэдгийг хүн бүр мэддэг, чаддаг байх нь бусдын амийг аврахад чухал нөлөөтэй. Хүн бүр мэддэг, чаддаг байхаас гадна сэтгэлтэй бол нэг ч гэсэн хүний энэ орчлонд амьд явах хоногийг уртасгах билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа