ХБНГУ-ын Бюделсдорф хотод олон улсын дүрслэх урлагийн “Норд арт 2022” үзэсгэлэн нээгдлээ. Эдүгээ 23 дахь удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд манай улсаас төрөл бүрийн чиглэлд ажилладаг 18 уран бүтээлчийн 56 туурвилыг дэлгэжээ. Монгол Улсынх IV павильон бөгөөд үзэсгэлэнгээ “Завсар орон зай” хэмээн нэрийдсэн байна. Европт нэр хүндтэй, томоохонд тооцогддог олон улсын дүрслэх урлагийн уг үзэсгэлэнд энэ жил 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 зураач, урчуудын 1000 орчим бүтээлийг үзэгчдэд толилуулж буй аж. Үзэсгэлэн аравдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. Ерөнхий куратор Волфганг Грамм арга хэмжээний зорилгын тухайд “Урлаг нь дайсагналцаж буй үзэл суртлын хооронд энх тайвныг тогтоогч, бас сайн сайхан ертөнц рүү бидний хүсэн тэмүүлж байгаагийн тусгал мөн, эсэх тухай асуултуудыг дахин тодотгож тавилаа” хэмээн өгүүлжээ.
Монголын павильоны куратораар Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, хамтрагчаар Ц.Солонго нар ажиллаж буй аж. Төрийн соёрхолт уран бүтээлч До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж, А.Очирболд нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгчдийн анхаарлын төвд байгаа тухай тэд мэдээллээ.