Украин руу дайрсан ОХУ-ын эсрэг авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хэрэгжилтээс хамаарч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн цаашид өсөх, эсвэл буурах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл хаашаа ч эргэж мэдэхээр байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж буй хэрэг. Зарим эдийн засагч “Монголын эдийн засаг энэ онд агших магадлалтай” гэж таамаглаж буй. Тэд дотоодын улс төрийн оновчгүй бодлого эдийн засгийг агшаана гэж болгоомжилж байгаа юм. Эдийн засагт үүссэн сөрөг үр дагаврыг намжаах, өсөх боломжийг нээх бодлого баримтлахгүй бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурах нь ойлгомжтой.
Гэхдээ нэг талаар монголчуудын баримталж буй бодлого зөв ч хүчгүйдэж байгаа нь гачлантай. Тодруулбал, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь эдийн засгаа өсгөх гол арга зам гэдгийг мэдэж байвч БНХАУ цар тахал дэгдэхээс сэргийлэн, хилээр нэвтрүүлэх автомашины тоонд хязгаар тавьсан хэвээр. Тэгэхээр Монголын эдийн засаг олон улсын худалдааны интеграцад гүнзгий орсон учраас гадаад хүчин зүйлээс илүүтэй шалтгаалж байна гэсэн үг.
Олон улсын болон дотоодын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн нөхцөлд нь тулгуурлан улс орнуудын тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг таамагладаг уламжлалтай. Энэ л ёсоор Монголын эдийн засгийн өсөлтийг таамаглахаа мартсангүй. Гэхдээ энэ удаагийн таамаглал зөрүү ихтэй байгааг анзаараарай. Дэлхийн банк манай улсын эдийн засгийг энэ онд 2.5, Азийн хөгжлийн банк 2.3 хувиар өснө гэж таамагласан. Тэгвэл Олон улсын валютын сангийнхан нэг хувиар өснө гэсэн таамаг дэвшүүллээ. Уг нь Олон улсын валютын сангийнхан долоон хувиар өснө гэсэн таамгийг энэ оны эхэнд дэвшүүлээд байсан юм. Тэднийх өөдрөг төсөөллөө огцом доошлуулсан нь энэ. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкныхан 2.5 хувиар агшина гэж таамаглажээ. Тус банк манай улсын эдийн засгийг зургаагаас дээш хувиар өснө гэж төсөөлж байсан. Өсөх төсөөллөө ийнхүү хасах болгов. Одоогоор хамгийн гутранги төсөөлөлтэй нь эднийх байна.
Монголбанкныхан улсынхаа эдийн засгийг 2.6 хувиар өснө гэж таамаглав. Хамгийн өөдрөг төсөөлөлтэй нь манай Төвбанкныхан байв. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монголбанкны төсөөлөл ойролцоо байгааг анзаарав уу. Санхүүгийн байгуулллагуудын таамаг онох, зөрөх нь бус, үнэн хэрэгтээ эдийн засаг бага боловч өсөж байвал монголчуудад сайн. Эдийн засагт өдгөө үүсээд буй тогтвортой байдал, БНХАУ-ын “уярал” сүүлийн хагас жилд үргэлжилбэл Монголбанкны таамаг байгаа ононо гэж бодож байна. Валютын ханшийн савлагаа, инфляцын өсөлт бага зэрэг саарсан учраас тогтвортой байдал гэж тодотгосноо дуулгая.
Ерөөс эдийн засаг өсөх, эсвэл агшихад хоёр хүчин зүйл голлон нөлөөлөхөөр харагдаж байгаа юм. Үүний нэг нь инфляц, нөгөөх нь нүүрсний экспортын хэмжээ. Улсын инфляц бага боловч тогтворжсон. Учир нь жилийн инфляц энэ оны гуравдугаар сард 15.8 хувьд хүрсэн бол дараа сард нь 15.2 болж буурлаа. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц 15.2 хувь болж буурсныг огцом өсөлт нь зогсож, тогтворжсон гэж үзэх үндэстэй. Эдийн засаг зогсонги үед инфляц өсөхийг стагфляц гэж нэрлэдгийг эдийн засагчид хэлж буй. Ийм нөхцөлд мөнгөний нийлүүлэлтээ нэмбэл инфляц улам гаардаг аж. Тиймээс мөнгөний нийлүүлэлтээ багасгаж, инфляцаа тогтворжуулах нь зөв бодлого байдаг гэнэ. Инфляцын өсөлт зогссон учраас Төвбанк бодлогын хүүгээ дахин нэмэхээ азнах болов уу. Бодлогын хүүгээ нэмж, мөнгөний нийлүүлэлтийг хумих тусам эдийн засаг агшдаг зүй тогтолтой. Хэрэв инфляц өссөөр байсан бол Төвбанканд бодлогын хүүгээ дахин нэмэхээс өөр арга алга байв.
Манайхан БНХАУ-ын талд нүүрсний эскпортоо нэмэгдүүлэх саналаа дипломат шугамаар олон удаа илэрхийлсэн. Гэвч өмнөд хөршийн тал хатуурхсаар байсан юм. Тэгвэл БНХАУ-ын тал өнгөрсөн сард “уярч”, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх саналыг хүлээн авснаа илэрхийлж, өмнөх оны аравдугаар сараас хойш хаалттай байсан Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын ордоос нүүрс олборлодог компаниудад экспорт хийх боломж бүрдэв. Чингэлгээр нүүрс экспортолж буй автомашины тоог хятадууд цөөн, цөөнөөр нэмсээр байгаа аж. Нүүрсний задгай тээврийн экспортыг эхлүүлэхээр зэхэж буй. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн ордоос Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсүүд рүү нүүрс тээвэрлэж эхлэв. Үүнийг “Уртын тээвэр” гэж нэрлээд буй юм. Хятадууд зөөлөрч, нүүрсний экспорт нэмэгдэх төлөвтэй болсон нь эдийн засаг өсөхөд хамгийн гол нөлөө үзүүлнэ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 208.1 тэрбумаар буюу 3.8 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний улиралд манай улсын эдийн засаг 3.8 хувиар агшсан гэсэн үг. Эдийн засаг агшихад уул уурхай, олборлолтын салбарын хэмжээ 6.1, аж үйлдвэр, барилгынх 0.9 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг энэ оны эхний улиралд 2015 оны зэрэгцүүлэх үнээр 561.9 тэрбум төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 331.3 тэрбум буюу 37.1 хувиар буурчээ. Үүнд нүүрс олборлолт 59, газрын тос 97.6, зэсийн баяжмалын экспорт 20.6 хувиар багассан нь голлон нөлөөлсөн гэнэ. Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2022 оны эхний улиралд 641.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 47.3 тэрбумаар буюу 6.9 хувиар буурсан бөгөөд боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 10.2 хувиар багассан нь голлон нөлөөлжээ.
Монгол Улсын эдийн засаг 2021 оны эхний улиралд 14.8 хувиар өссөн удаатай. Тухайн үед уул уурхай, олборлолтын салбар 5.3, үйлчилгээнийх хоёр, аж үйлдвэр, барилгынх 1.9, бүтээгдэхүүний цэвэр татвар 5.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Дээрх статистик үзүүлэлтүүд нь нүүрсний олборлолт, экспорт Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэйг харуулж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар оны эхнээс хойш нийт 5.3 сая тонн нүүрс экспортолсныг мэдээлсэн. Засгийн газар энэ жил 36 сая тонн нүүрс экспортлох зорилготой байгаагаа дуулгасан. Тэгвэл шинжээчид 20 сая тонн нүүрс экспортлоход гурван тэрбум ам.долларын орлого олж, эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцож буй. Сүүлийн хагас жилд ядаж 10 сая тонн нүүрс экспортолчихвол эдийн засгийн өсөлтөд том хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Учир нь нүүрсний үнэ уурхайн ам дээр нэг тонн нь 170 ам.долларын үнэ хүрч байгаа аж.
Гашуунсухайт-Ганцмодны боомтод коронавирусийн халдвар илрэхгүй, нүүрсний экспорт үргэлжилж, инфляц тогтвортой байвал эдийн засаг өсөх нь тодорхой. Харин нүүрсний экспорт гацаж, инфляц дээшилбэл эдийн засгийн өсөлтийн тухай ярилтгүй. Ийм хоёр тохиолдолд энэ онд Монгол Улсын эдийн засаг агших төлөв харагдаж байна.