Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болох байсан. Гэвч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн хэргийг шүүхээс татгалзсан юм. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа өөрт нь нөлөөлөхөөр завдсан хэмээн үзсэн шүүгч Д.Доржсүрэн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн удаатай.
Тэгвэл дээрх шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг хийх товоо гаргасан байна. Уг хэргийг энэ сарын 8-ны лхагва гарагт шүүн хэлэлцэх юм. Улмаар шүүгч Д.Доржсүрэн эл хэргээс татгалзсан тул өөр шүүгч томилсоныг эх сурвалж хэллээ.
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан гэдэг. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр нас барсан билээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1
2.1.Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.