АН-ын Үндэсний бодлогын хорооны эргэлт (ротац)-ийн сонгуульд өрсөлдөж, сонгогдсон гишүүдэд өчигдөр батламжийг нь гардуулав. Улмаар ҮБХ ээлжит бус хуралдаанаа хийлээ. Эргэлтийн сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, Төрийн соёрхолт Д.Сосорбарам зэрэг 90 гишүүнийг шинээр сонгожээ.
Тус намын дүрмээр бол УИХ-ын гишүүд ҮБХ-нд ажиллах эрхтэй. ҮБХ нь нийт 279 гишүүнтэй бөгөөд энэ удаа ротацад ороогүй 181 гишүүн бий. Шинээр сонгогдсон гишүүдийн оролцсон ҮБХ-ны хурлаар тэдний бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Улмаар ҮБХ-ны удирдлага, Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосны дараа намын дараагийн даргыг сонгох юм.