Нам орбитын хиймэл дагуулын технологид суурилсан интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэгч “Старлинк” компани Монголд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, бэлтгэлээ базааж байсан ч холбогдох байгууллагуудын зүй бус шаардлага, өндөр шалгуур, зохисгүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас тус санаачилгаа зогсоон, “нутаг буцах” болсон тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл үүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан үгүйсгэлээ.
Энэ асуудалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлд “Старлинк” компанийн үйлчилгээ тун удахгүй нэвтрэх орнуудын жагсаалтад Монгол багтсан хэвээр байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сувгаар түгээж буй худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэсэн бол тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Старлинк”-ийн толгой компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захиралтай цахимаар холбогдож, санал солилцсон талаараа өчигдөр мэдээлэв.
Тэрбээр “Монгол Улс өргөн уудам нутагтай учраас газрын станц олныг байгуулах шаардлагатай, үүнд багагүй цаг хугацаа хэрэгтэй гэдгийг “Старлинк”-ийн зүгээс хэллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй цахим үндэстэн бодлогыг хэрэгжүүлж, дижитал дэд бүтцийг сайжруулахад, алслагдсан, аялал жуулчлалын бүс нутгийг интернэтийн сүлжээнд холбоход “Старлинк”-ийн үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгалаа. Мөн тус компани манай яамтай бусад асуудлаар санамж бичиг байгуулахаар болов” хэмээн мэдээлсэн юм.
Ж.СУВДМАА