Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC буюу “Реженератив медикал сентр” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах эмнэлэг, түүний захирал Э.Одхүүд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшлууллаа. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид”, “Фемостон”, эмчилгээнд хэрэглэх боломжгүй тул устгахаар болсон “Регулон” зэрэг 370.9 сая төгрөгийн үнэтэй эм, тариаг үйлчлүүлэгчдэдээ тус эмнэлгийнхэн борлуулж, эмчилгээнд ашиглаж байсан нь ЭЦА-наас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.
Тиймээс Э.Одхүү болон эл компанид прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.14-2, 20.14-4-т заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүх уг хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд “Реженератив медикал сентр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Одхүүд холбогдох үйлдлийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.
Харин “Реженератив медикал сентр” ХХК-ийг 50 сая төгрөгөөр торгож, нэг жилийн дотор төлж барагдуулах, үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эрхийг нэг жил хасах албадлагын арга хэмжээ авчээ. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 370.9 сая төгрөгийг тус компаниас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр болсон аж. Шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж өмгөөлөгч нар нь гомдол гаргасан юм байна. Үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компаниас гадна Си эл даблью эйч (CLWH), “Өөжин мед” зэрэг эмнэлгийнхнийг хууль сахиулагчид 2020 оны нэгдүгээр сард шалгаж эхэлснээс ганц “Реженератив медикал сентр” ХХК-ийг шүүхэд шилжүүлсэн аж.