Нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа. Тэрбээр "Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.
Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.