Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл “Монгол Улсын зам, тээврийн холболт, ложистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн ассоциацын 10 сая “ногоон”-ы санхүүжилтийг баталжээ. Уг төсөл нь зам, тээврийн биет холболтыг сайжруулах замаар Монголын мах боловсруулах ложистикийн зардлыг бууруулах зорилготой аж.
Эл төслийн хүрээнд замын байгууламжийн менежментийн орчин үеийн туршлагуудыг нэвтрүүлж, малчны хоттой холбогддог 51 км замыг сэргээх, малын тоо толгой, тээврийн урсгал хамгийн ихтэй авто замын үндэсний сүлжээн дэх нийт 311 км замыг засах, төр ба хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүс нутгийн загвар ложистикийн төв байгуулах замаар ложистикийн үйлчилгээг сайжруулах аж. Мөн ложистик ба нийлүүлэлтийн сүлжээний платформ бий болгох юм байна. Уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлж, өсөлтийг нь тогтворжуулахад дээрх төсөл ач холбогдолтойг мөн дурдлаа. Манай улс 70 сая орчим малтай бөгөөд энэ нь ядуу буурай амьдралтай иргэдийн хувьд олонхынх нь амьжиргааг залгуулдаг. Гэвч ложистикийн үр ашигтай байрлал бүхий төвүүд байхгүй, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл дутмаг зэрэг нь махны салбарын нөөц бололцоог бүрэн ашиглахад тулгарч буй гол саад бэрхшээл гэнэ. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ ложистикийг сайжруулахад хөрөнгө оруулах нь тогтвортой өсөлтийн суурийг тавихад тустай. Монгол Улсад ажлын байр бий болгон, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд тэсвэртэй болохын тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь чухал” хэмээв.