“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдэд чиглэсэн олон ажил зохион байгуулж буй. Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиас офицер, ахлагч, ажилтан албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг урьж “Бүх хайрыг гэр бүлдээ” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр бяцхан багачуудад хугацаат цэргийн алба хаагчдын гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, үлгэрийн баатруудын мэндчилгээг хүргэж, “Манцуйтай тамирчин”, “Авьяаслаг багачууд” болон “Миний гэр бүл” гар зургийн уралдаан, ““Аав, ээж ээ, би чадна” хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг явуулж, авьяас чадвараараа сонирхуулсан бүх оролцогчдод баяр хүргэж, шагнал гардуулсан юм.
Ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар “Гэр бүл гэдэг бидний хамгийн бат найдвартай ар тал. Ажил алба сайн явахын ард гэр бүлийн чин сэтгэлийн дэмжлэг, оролцоо өндөр байдаг учраас бүрэлдэхүүнийхээ хань ижил, үр хүүхдүүдэд талархал илэрхийлж байх нь зүйн хэрэг юм. Инженерийнхний маань үр удам, залгамж халаа болсон бяцхан хөөрхөн хүүхдүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.