Энэ сарын 29-нд буюу ирэх ням гарагт ҮАБЗ-ийн 30 жилийн ой болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг 1992 оны энэ өдөр баталсан түүхтэй. Сөрөг хүчин АН-ынхан өчигдөр мэдээлэл хийхдээ “Манай үндэсний аюулгүй байдал цоо шинэ сорилттой тулгарч байна. Харамсалтай нь, эрх баригчид баярын хурал хийхээс бус, үндэсний аюулгүй байдлынхаа үндсэн асуудлуудын талаар ярихгүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд үүнийг маш тодорхой заасан. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай бүрдсэн байхыг үндэсний аюулгүй байдал гэж хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Хил нь хаалттай, дайн ойрхон өрнөж буй, ардчилсан тогтолцоо байх уу, үгүй юү, хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо цаашид ажиллах, эсэх нь эргэлзээтэй энэ үед Монгол Улсын төрийн болон үндэсний аюулгүй байдлын асуудлаарх байр суурь нь тодорхойгүй байна” хэмээн шүүмжилж буй.
“Үндэсний язгуур ашиг сонирхол” гэдэгт Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж хуульчилжээ. Үнэхээр ҮАБЗ үндсэн үүргээ биелүүлж байна уу.
30 жилийн хугацаанд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг эс тооцвол хуучнаараа буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн эхэнд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэсэн заалт бий. Олон улсын жишиг нь ч ийм. Ерөнхийдөө маш олон талаас нарийн мэдээлэл хүлээн авч, хамтарсан үнэлгээ хийн, хяналт тавьж, аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, холбогдох байгууллагуудын уялдааг ханган, зөвлөдөг. Хүчтэй Ерөнхийлөгчтэй улсын сонгодог жишээ гэгддэг Америкт ч ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч нь зөвлөмж гаргуулах л эрхтэй. Тэг, ингэ гэсэн шийдвэр гаргадаггүй гэсэн үг.
Харин манайд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, улсын ерөнхий прокурор, орлогчийнх нь бүрэн эрхийг дуусгавар болгож байсан үе бий, тун саяхных. 2019 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын, Прокурорын болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, УИХ-аар батлуулснаар ийм байдалд хүрч байлаа. Улмаар эдгээр хуулиа хэрэглэн нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч заримынх нь гэм буруугүй нь тогтоогдсон. Дотоодоос болон олон улсын зүгээс ч нэлээд шүүмжлэл гарч, эсэргүүцсэн дээ. Үндсэндээ эдгээр өөрчлөлтийг батлах хүртэл манай ҮАБЗ дэлхий нийтийн жишгээс гажилгүй, хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн гэж судлаачид дүгнэдэг юм билээ. Юутай ч 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аас Б.Энхбаяр нарын 13 гишүүн дээрх хуулиудад оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж, хуучин хэвэнд нь оруулах төсөл санаачлан батлуулсан юм.
Ер нь манайд ҮАБЗ-ийг хэн тэргүүлж, тухайн үед ямар хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бэ гэдгээс эл байгууллагын үйл ажиллагаа, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ ихээхэн хамаарч ирсэн байж ч мэднэ. Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэргүүлж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар нэг “цонх”-оор харж буйгаа мэдэгдэж, эвтэй байгаагаа зарлаж байсан ч сүүлд ҮАБЗ хуралдаж чадахгүйд хүрсэн юм. ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, товлох, төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөлийг төлөөлөх, ажлын хэсэг байгуулж ажиллуулах зэрэг бүрэн эрхтэй. Гэвч Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулийн өмнө нэг намын хүмүүс болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь ҮАБЗ-ийн хуралдаа оролцохгүй, тэргүүнээ “ганцаардуулж” чадсан хэрэг. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед гадаад бодлогын асуудлууд анхаарлын төвд орж, ҮАБЗ ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, Гадаад харилцааны яамныхан хийх ажилгүй болсон гэж ярих нь ч бий. Төрийн тэргүүн нь ҮАБЗ-ийг даргалдаг нийтлэг жишиг олон улсад байдаг ч Ерөнхийлөгч хэн байхаас хамааран бодлого, зарчим нь өөрчлөгддөг явдал хэр олон бол. Угтаа У.Хүрэлсүхийн үеийн, эсвэл Х.Баттулгын баримталдаг аюулгүй байдлын бодлого гэж байх учиргүй. 21 жилийн өмнө баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүгээр 10 зүйлийг бүрэлдэхүүн хэсэг болгон нэрлэсэн бөгөөд 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан юм. Эдгээр хууль, бодлогыг л удирдлага болгох ёстой сон.
Засгийн газраас боловсруулан, олон нийтээс санал авч буй Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлэхээр, хэвээр нь тусгаад буй. Харин ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлөхөөр заасан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд зааснаар нарийн бичгийн дарга нь судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулж, ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлдэг. Уг албан тушаалыг хаших хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлдэг бөгөөд өдгөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгч томилж байгаа.
Гурван гишүүн, нарийн бичгийн даргаас гадна зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсэг ҮАБЗ-ийн бүтцэд хамаардаг. УИХ-ын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, парламент дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, тагнуулын төв байгууллагын дарга нар ҮАБЗ-ийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцдог бол Засгийн газрын гишүүн, тусгай газар, ЗХЖШ-ын дарга нар илтгэгч байдаг. Илтгэгч нар тус тусын хариуцсан салбар, хүрээнд үндэсний язгуур ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг судалж, зохих илтгэл, санал, шийдвэрийн төслийг боловсруулан, ҮАБЗ-д оруулах үүрэгтэй. Харин шинжээчээр өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнийг орон тооны ба орон тооны бус журмаар томилон ажиллуулах ёстой. Тэд үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар болон ҮАБЗ-өөс гаргах зөвлөмжийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гарган, үндэслэлийг нь хариуцах бөгөөд Ерөнхийлөгч томилж буй. Гэвч тэнд хангалттай тооны, чадвартай хүмүүс ажиллаж, шаардлагатай судалгааг хийж чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Мэргэшсэн, өндөр боловсрол, чадвартай хүмүүсийг татаж ажиллуулах нөхцөл, боломж бий гэж хэлэхэд бэрх. Ер нь л маш хаалттай, мэдээлэл нь ил тод биш байдаг.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас
Гуравдугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт
3.4. Үндэсний аюулгүй байдал нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
3.4.1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
3.4.2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3.4.3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
3.4.4. эдийн засгийн аюулгүй байдал;
3.4.5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
3.4.6. мэдээллийн аюулгүй байдал;
3.4.7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
3.4.8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
3.4.9. экологийн аюулгүй байдал.
3.4.10. хүнсний аюулгүй байдал.
/Энэ заалтыг 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/