Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд тавдугаар сарын 26-ны өдрийн 19.23 цагт иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны байрны дээвэр дээр 15 настай хүүхэд амиа хорлоно гээд гарсан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Уг дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж уг хүүхэдтэй ярилцан амь насыг нь эрсдэхээс аварч байшингийн дээврээс аюулгүй буулган ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргүүлэн мэргэжлийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.