Үндэсний номын баяр хүний цуваа тасархгүй хөл хөдөлгөөн ихтэй байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй номын баярыг сурвалжлахаар Сүхбаатарын талбайг зорив.
Талбай руу ойртох үед “Номын өдөрлөг хууль ёсны баяр болсон. “Номын баярыг тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг гарч жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт эл өдрийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ жилийн номын баярыг “Илүү их уншъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ. Номын баярт оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсэн. Мөн ном бичдэг яруу найрагч, зохиолч, орчуулагч, шүүмж судлаач, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клубын оролцоо нэмэгдэж өргөжин тэлсэн” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлж байгаа нь сонсогдлоо.
Талбайн зүүн хэсэгт 4-5 асарт хуучин ном худалдаалж байв. Өнөөдрийн үйл ажиллагаанд зориулж, зассан индрийн хажууханд зогсох хуучин номын худалдагч “Номын худалдаа зохион байгуулах сургаар ховор нандин ном олж иргэддээ худалдаалахаар хичээдэг. Гадаа нартай дулаахан байгаа болохоор иргэд олноор цугларч ном худалдан авлаа. Бүхий л насны хүн ирж, худалдан авалт хийсэн. Хуучин ном 1000 төгрөгөөс эхэлнэ. Ном худалдаалах талбайг гурав хоногийн хугацаатайгаар 600 мянган төгрөгөөр түрээсэлсэн” гэв.
“Интер” номын дэлгүүрийн асарт иргэд олноор цугларчээ. Тэнд очтол, 10-50 хувийн хямдрал зарласнаа цаасан дээр томоос том бичиж, гэрлийн утаснаас унжуулжээ. Интерномын асарт ном илүү их хямдарсан учраас иргэд ийн олноор цугларсан аж.
Талбайг бүтэн тойруулан асрууд байршуулжээ. Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд зассан 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү өдөрлөгт оролцож байна. Тэд энэ жилийн номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцоллоо.
Энэ жилийн номын баярын хамгийн сэтгэл сэргээм хэсэг нь Сүхбаатарын хөшөөний яг хойд талд агаарт шүхэр “аргамжсан” номын худалдааны хэсэг байв. Гадаа халуун үед иргэд шүхрийн сүүдэртэй газарт хоргодож, басхүү өөрсдийн зургаа авхуулж хөгжилдөнө.
“Бүтээлчээр сэтгэдэг санхүүгийн боловсролтой хүүхэд, залуус” ном бичсэн чөлөөт уран бүтээлч Б.Баярсайхан эрхмийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, “Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох ном маш ховор учраас эл номоо гаргасан.
Санхүүгийн боловсролыг бага насны хүүхдүүдийн оюун санаа, сэтгэхүйтэй нь холбож илэрхийлсэн. Ялангуяа 10 жилийн хүүхдүүдэд энэ чиглэлээр хичээл ордоггүй гэхэд хилсдэхгүй. Сүүлд бизнес судлалын хичээл сонголтоор ордог болсон. Хүүхдүүд уг хичээлийг бараг сонирхож судалгүй. Иймд энэ хичээлийг заавал үзэх ёстой хичээлийн жагсаалтад оруулаасай гэж хүсдэг. Учир нь хүүхдүүдэд санхүү, бизнесийн чиглэлээр хичээл орвол зах зээлийн нийгэмд бие даан амьдрах, санхүүгийн мэдлэг, чадвартай болно. Өөрөөр хэлбэл, амьдрахуйн боловсролд суралцана. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ санхүүгийн боловсролд анхаарах нь зүйтэй.
Гадаа цаг агаар сайхан болохоор иргэд ихээр цуглаж, номын баяр өргөн дэлгэр болж байна. Энэ асрыг гурав хоногийн хугацаатай 450 мянгаар түрээсэлсэн” гэв.
Номын баярт жилд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. Харин энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайнаас шалтгаалж 200 гаруй нь л оролцож байна.