Монголын урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнөө жилийн наадмыг “Гёте” институт, “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран, Тайванийн ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хүргэх аж. Энэ жил наадмыг “Дархлахтун” уриан дор зохион байгуулах бөгөөд ХБНГУ, Тайвань, Монголын нийт 18 уран бүтээлч Улаанбаатар хот, Сайншанд болон Дорноговь аймгийн байгаль, түүхийн дурсгалт газруудад бүтээлээ дэлгэн үзүүлнэ. Мөн дижей нарын хэмнэлээс үзэгчдэд хүргэх аж. Түүнчлэн хөтөлбөрт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей болон “White rock” төв дэх дэлгэцийн медиа бүтээлийн үзэсгэлэнгүүд багтжээ. “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг зургадугаар сарын 16-24-нд зохион байгуулах юм.