Манайхан Оросын их бичгийн хүн Антон Павлович Чеховтой бүр 1930-аад оны сүүлчээр танилцсан байдаг. Түүнээс хойш бид энэ хүнээс салаагүй гэж хэлж болно. Монголчуудаа Оросын энэ сонгодог зохиолчтой ойртуулах гэгээн үйлсэд хүчин зүтгэж яваа хүмүүсийн нэг нь Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол юм. Тэрбээр Чеховын өгүүллэгүүдийг орчуулж анх 2003 онд “Хөөрхийдөө хонгор минь” нэртэй ном гаргаснаас хойш 100 нэлээд гаруй өгүүллэг, туужийг нь эх хэлнээ хөрвүүлж, дөрвөн ч ном болгож хэвлүүлсэн байх юм. Тэдгээрийн нэгээс энэ өгүүллийг уншигч танаа толилуулж байна.
Тавдугаар зуунд юмсанжээ. Нар одоо шигээ л өглөө тоолон мандаж орой болгон жаргадаг байжээ. Өглөө нарны анхны туяа өвсөн шүүдэртэй үнсэлцэн золгож газар дэлхий сэрж агаар баяр хөөр итгэл найдварын дуугаар дүүрч харин оройдоо мөнөөх аугаа уужим дэлхий өтгөн харанхуйн дунд уусан чимээ шуугиан татардаг байсан ажгуу. Ингээд өдөр нь өдрөөрөө шөнө нь шөнөөрөө ээлжилдэг янзаараа. Хааяа үүл хурдлан нүүж аянга цахилгаан сүртэйеэ нүргэлэн гялалзаж, харвасан од тэнгэрээс унах үзэгдэж, эсвэл цонхигор царайлсан лам яаруу алхлан сүм хийддээ номоо номлож, сүмээс холгүй бар арслан явж байх нь ч хэвийн, тэгээд өдөр өдрөөрөө, шөнө шөнөөрөө ээлжилнэ.
Лам нар биетэй ажил хөдөлмөр хийж хажуугаар нь бурхан номдоо залбирдаг, тэдний тэргүүн нь орган хөгжим тоглон латинаар шүлэг зохиож түүнээ ноотлон бичнэ. Тэрхүү өтгөс ер бусын их авьяас чадвартай улс байсан гэнэм. Түүний органаар тоглох нь нас өндөр болсон хүн сонссоор байгаад чих нь дүлийрэх, хөгжмийн дууг хаанаас л сонсоно, сонссон хүн нулимсаа барьж чадахгүйд хүрдэг тийм их чадалтай байжээ. Ахлагчийн ярих, бүр энгийнээс энгийн моддын тухай, ан амьтны тухай ярьсан ч сонссон хүн нэг бол инээхээр, эсвэл уйлмаар болдог, түүний аливаа яриа сэтгэлд орган хөгжмийн дуу шиг санагддаг байсан гэдэг. Ахлагч хилэгнэх, эсвэл онцгой их баярлах, түүнчлэн их гунигтай юм уу, аугаа их үйл явдлын талаар яриад эхлэхэд түүнд айхтар сүрлэг онгод орж нүдэнд нь нулимс гялганан, нүүр нь улаанаар туяарч дуу хоолой алс тэнгэрийн дуу мэт хүнгэнэн цуурайлж зарим гайхамшигт агшиндаа онгодын нь хүч хязгааргүй тэр өөрийн гэлэнгүүдэд далайн ус руу үсэр гэвэл нэг нь ч үлдэлгүй хүсэл зоригийг нь дагах жишээний байжээ.
Түүний бурхан, тэнгэр, газрыг магтан алдаршуулсан хөгжим дуу, шүлгүүд нь гэлэнгүүдийн баяр бахдлын байнгын үндэс болдог байв. Гэлэнгүүдийн хувьд амьдралын нэгэн хэвийн байдал, мод цэцэг, навчис, нэгэн янзын хавар, намар далайн шуугианыг ямагт сонсох нь тэдний сонсголыг ядрааж, шувуудын жиргэх бүр ч таагүй байдаг бол ахлагч өвгөний аугаа их авьяас өдөр бүр хэрэг болдог талх шиг нь л тустай санагдцаг байсан байна. Олон олон жил өнгөрч өдөр өдөртэйгөө шөнө шөнөтэйгөө нэгэн хэвийн сонирхолтой юм ч үгүй болжээ. Сүм хийдийн ойр шувуу, зэрлэг араатнуудаас өөр хэн ч үгүй болов. Хүмүүсийн амьдардаг оромж сууц сүм хийдээс хол, хийдээс тэдний байдаг газарт, хүмүүсийн нутаглаж байгаа газраас сүм хийд хүрье гэвэл зуу гаруй бээрийн хол эзэнгүй цөлийг туулах ёстой болжээ. Цөлийг туулахаар шийдсэн хүмүүс амьдралаасаа уйдсан, үнэхээр явъя гэж байгаа бол булшиндаа оръё гэж зүтгэхтэй адил байсан байна. Нэгэн шөнө сүмийн хаалгыг хэн нэгэн цохисонд ламбугай нар зөндөө гайхав. Тэр нь амьдралд дуртай, тэгэхдээ их нүгэл үйлдсэн нэг эр байлаа. Тэр мөргөл үйлдэж тэр дорхноо ахлагчтай эхэлж уулзаад дарс ууж идэх юм нэхэв. Хот газраас чи яаж яваад энэ цөлд хүрээд ирэв гэхэд ан авын урт түүх ярьж ярьж, эхлээд ан агнахаар гарсан, замд ухаанаа алдтал архидаж сүүлдээ төөрч явсаар ирэв гэжээ. Эндээ үлдэж бурхны ном суран сэтгэлээ ариусгахгүй юу гэж түүнд хэлбэл, тэр гашуунаар инээгээд даанч би та нартай зам нийлэхгүй л дээ гэж хариулсан байна. Ууж сайн хооллосон хойноо өөрт нь сайхан үйлчилсэн ламыг харамсаж байгаа янзтай хараад тэр хүн:
-Гэлэнгүүд та нар даанч хөдөлж өгөхгүй юм даа! Баахан юм сураад идээд л уугаад л. Бусдын оюун санааг тэгж авардаг гэж үү? Та нарыг энд амгалан суугаад, идэж, ууж амгалан орныг мөрөөдөж байхад та нарын адилхан хүмүүс үхэж үрэгдээд тамд явцгааж байна. Хотод юу юу гээч болж байгааг хараач! Нэг хэсэг нь өлсөж үхэж, нэг хэсэг нь алт мөнгөө хаана хийх аргаа олж ядаж, садар самуунд автан зөгийн балан дээр буусан ялаа шиг үхэж байна. Тэр хүмүүсийн хувьд сүсэг бишрэл ч, үнэн гэж ч байхгүй. Тэднийг аврах нь хэний үүрэг юм бэ? Номлож сэнхрүүлэх ажил хэнийх байх вэ? Өглөөнөөс үдэш шөнө болтол хөлчүүрч байдаг минийх үү?
Ариудсан сэтгэл, бусдыг хайрладаг зүрхийг чинь та бүхнийг энд дөрвөн ханын дунд гар хумхин суугаасай гэж бурхнаас өгсөн гэж үү? Хотын хүний овилгогүй, бүдүүлэг үг сонсоход таашаал муутай ч сүмийн ахлах ламд сонин бодол төрүүлжээ. Түүний царай улайгаад хэлсэн нь:
-Бурхны шавь нар минь энэ хүн үнэнийг хэлж байна шүү дээ! Үнэндээ ядуу хүмүүс оюун ухаан сул доройн улмаас, сүсэг бишрэлгүйн улмаас гэм нүглийг үйлдэж үхэж мөхөж байна. Тэгэхэд энэ бүхэн бидэнд хамаагүй юм шиг энд бид юунд давхийхгүй сууцгаадаг билээ. Би өдий болтол яагаад тийшээ явж Христийг мартсан тэдгээр хүмүүст түүнийг нь сануулаагүй юм бол оо? Хотын хүний үг тийнхүү ахлах ламын анхаарлыг татаж, тэр маргааш нь лам нартайгаа салах ёс хийж таягаа тулаад хот руу гарч өгчээ. Бусад нь ингээд хөгжим ч үгүй, шүлэг, мэргэн цэцэн үг ч үгүй үлдэв. Тэд юм юмгүй уйтгарлаад, бүтэн сар бүр дараах сард нь ч ахлагч ирсэнгүй. Ашгүй гурав дахь сардаа түүний таягны танил чимээ гарах сонсогдож лам нар нь ухасхийн тосож очоод өдий төдий юм асуужээ. Тэгтэл ламтан тэдэнд баярлан мэндчилэхийн оронд гуниглан уйлаад ганц ч үг хэлсэнгүй. Ахлагчаа харвал ихэд турж эцэж хөгширсөн, царай нь их гунигтай, уйлж байгаа нь айхтар доромжлол амссан хүний янзтай харагдав.
Лам нар адилхан уйлцгааж яаж түүний уйлсан царай нь ийм муухай болов гэдгийг асууж шалгаасан боловч ахлах юу ч хэлсэнгүй дацандаа ороод түгжчихжээ. Долоо хоног тэр дацандаа юм ч идсэнгүй, юу ч уусангүй, органаа ч тоглохгүй уйлаад л байгаа сонсогдож байлаа. Лам нар хаалгыг нь тогшиж ороод өөрийн гунигласан учрыг хэлээч гэсэн боловч хариу чимээгүй л байв. Эцсийн эцэст гарч ирэх нь иржээ. Бүх лам нараа тойруулж байгаад уйлсан царайтай, гунигласан янзаараа өнгөрсөн гурван сарын дотор түүнтэй тохиолдсон аймшигт зүйлсийн тухай ярьж эхэллээ.
Хийдээсээ хот хүртэлх замын тухай ярихдаа түүний дуу хоолой тайван саруулхан, нүд нь инээвхийлсэн маягтай байсан юм. Замд нь шувууд жиргэж, гол горхи хоржигнон сэтгэл нь идэр цагийнхаа баяр баяслаар дүүрч, өөрийгөө тэр дайнд явж байгаа эр цэрэг гэж төсөөлж, “тулалдаан”-д ялна гэдэгтээ итгэж, мөрөөдөл хүсэл төрж шүлэг, сүлд дуу зохиож явсаар зам дууссаныг ч мэдээгүй гэв.
Тэгснээ хот, тэндхийн хүмүүсийн тухай ярьж эхлэнгүүтээ хоолой нь чичирч, нүд нь түгшүүртэй болж, царайд нь уур хилэн илэрч эхэллээ. Хотод үзсэн юмс түүний хувьд хэзээ ч харж, сэтгэлдээ төсөөлж байгаагүй явдлууд байжээ. Чөтгөр, шулам гээч яасан их хүчтэй, муу муухай юмс яасан элбэг, ухаан мөхөс, ядуу хүмүүс ямар сул дорой байдаг юм бэ гэдгийг тэр амьдралдаа анх удаа өтөл буурал насандаа үзэж харжээ. Ядахад түүний орж очсон оромж нь ужид самууны газар таарчээ. Асар их мөнгөтэй хагас зуугаад хүн хооллож, асган цутган дарс ууна. Ууж согтоод дуулцгааж хүн хэлэмгүй бурхан бол аймаар муухай, этгээд догшин үг хэлцгээнэ. Хязгааргүй эрх чөлөөтэй, өөрсдөдөө жаргалтай тэд бурхнаас ч, үхлээс ч айхгүй, юу хүссэнээ ярьж хийхийгээ хийж, хүссэн зүгтээ явж, хаашаа л хөдөлнө хуял тачаалдаа дийлдэж, зорго дураараа аашилж байв. Ууж байгаа дарс нь тув тунгалаг хув адил шар туяа татаж харваас сайхан амт, үнэртэй бололтой ууж байгаа хүн бүр инээд алдан дахин дахин уухыг хүснэ. Хүн инээхэд дарс мөн л хариу инээмсэглэж дахиад уухад нь мөн л баяртайяа саван дотроо үсчин өөрт нь ямар ад шулмасын хүч оршин байгааг мэддэг мэт.
Их мэргэн цааш цаашдаа сэтгэл нь улам хөдөлж, цөхөрсөндөө уйлж өөр юу юу үзсэнээ ч тов тодорхой ярилаа.
Наргигсдын дундахь ширээн дээр хагас нүцгэн төөрөлдөж гүйцсэн хүүхэн хэвтэх юм. Байгаль дээр түүнээс илүү сэтгэл булаам, гоо сайхан өөр юуг ч олно гэхэд бэрх. Залуухан, урт үстэй, бор царайтай, хар нүдтэй, зузаавтар уруултай, ичиж айх нь өнгөрсөн энэ гай шаазан цагаан шүдээрээ инээж бүхий байдлаараа “намайг, хараач, би нүцгэн байгаа нь хэчнээн сайхан харагдаж байна!” гэж байгаа юм шиг. Хуниастай гоё хоргой торгон нөмрөг мөрөн дээрээс нь унживч гоо сайхнаа түүн доор далдлахыг хүссэнгүй хаврын хөрснөөс дөнгөж гарч байгаа уран цэцэг шиг бүхий сайхнаа ил гарган гайхуулна.
Тэр дарс ууж, дуу дуулж хэн л хүснэ түүн рүү очиж байлаа. Цааш нь ламтан гараа зангидаж байгаад морин уралдаан, бухын тулалдаан, театр, шавраар нүцгэн хүүхнүүдийг урлаж байгаа ур дархчуудын газар зэргийг үзсэнээ тоочин дүрслэн өгүүлнэ. Тэр ямар нэг үл үзэгдэх утаст хөгжим хуураар тоглож байгаа юм шиг онгодтой, уран яруу ярьж лам нар яриаг нь хомхойрон сонсож сэтгэл хөдлөн үе үе санаа алдаж сууцгаав. Бүхий л чөтгөр шулам, хорт муу бүхэн, сэтгэл татам үзэсгэлэнтэй, завхай бүсгүйн бие хаа бүгдийг ойлгомжтой ярьсан ламтан эргэн дацандаа ороод харагдахыг болилоо. Дараа өглөө нь ахлагч ламтан дацангаасаа гарч иртэл хийдийн дотор ганц ч лам үлдсэнгүй. Тэд бүгд хот орохоор хурдлан одсон байжээ.