Хайр сэтгэл ганцхүү зовлон шаналал биш, аз жаргал тээдэг. Хүн бүрэн дүүрэн аз жаргалтай болохын тулд ердөө л санамсаргүй тохиолдол хангалттай. Дээр нь бас 72 цаг хангалттай гээч. Яг нарийвчилбал 73 цаг...
Цас зөөлөн хаялж, нэгэн бүсгүй гудамжид алгуур алхана. Тэрбээр хаа нэг тийш яарсангүй. Гэхдээ хаачихаа мэдэж буй мэт. “73 цаг” драмын жүжиг ийнхүү эхэлнэ.
Эл жүжгийн зохиолыг “Глоб интернэшнл” төвийн тэргүүн, нэрт сэтгүүлч, зохиолч Х.Наранжаргал 2004 оны арваннэгдүгээр сарын 19-нд буюу өдгөөгөөс 20-иод жилийн өмнө бичсэн ч одоо л тайзнаа “амилуулах” гэж буй нь энэ. Жүжгийн зохиолч Х.Наранжаргал “Сэтгэлд нууцлагдсан амраг”, “Улаан сарнай”, “Харамсалтай нь хайртай” жүжгийг үзэгчдэд хүргэж, “Сүүлчийн улирал”, “Гүүр”, “Бэр”, “Санан санан дурсана” зохиол нь дэлгэцнээ “амилж” байсныг үзэгчид эчнээ санаж буй биз. Түүний “Хоосон хөргөгч, шар лууван, улаан лооль” жүжгийн уншлагыг АНУ-ын Чикаго хотын жүжигчид англиар хийж байсан удаатай. Тэрбээр “73 цаг гэдэг хоногоор тоолбол гурван өдөр. Энэ хугацаа урт уу, богино уу. Гурван өдрийн дотор хүний амьдрал өөрчлөгдөх боломжтой юу гэдгийг л эл жүжигтээ үзүүлэхийг хүссэн. Хүний амьдралын хором бүр үнэ цэнтэй. Гэхдээ 73 цаг гэдэг сэтгэлгээ, хандлага, үйлдлийн хувьд өөрийгөө хангалттай өөрчлөх хугацаа. Нөгөөтээгүүр, нийгэмд хар бараан, сөрөг зүйл их энэ үед гэгээлэг, сэтгэл сэргэм уран бүтээл хүргэхийг хүслээ. Амьдрал бол хөг аялгуу. Амьдралд хайр байхгүй бол хөг аялгуу үгүй. Хөг аялгуу үгүй бол сэтгэл хоосон. Сэтгэл дүүрэн, жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй. Жүжиг гурван баатартай. Энэ гурван хүний амьдралд 73 цагийн дотор юу тохиолдож, хэрхэн өөрчлөгдөж, өрнөхийг толилуулна” хэмээлээ.
Нэг бүлэг, гурван үзэгдэл бүхий “73 цаг” жүжиг дээр дурдсанчлан гурван баатартай. Жүжгийн гол дүр 40 нас хүрч яваа, ганц бие эмэгтэй Мишээлд жүжигчин Р.Анхням “хувирах” юм. Алдарт найруулагч Жан Жак Анно найруулж, 2015 онд үзэгчдэд хүргэсэн “Чонон сүлд”-ийн эгэл боргил, омог бардам монгол эмэгтэй дүрийг бахархам бүтээсэн Р.Анхням театрын тайзан дээр шинэ дүрээр гарах нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж буй нь дамжиггүй. Тэрбээр “2004 оноос хойш тайзны уран бүтээлд ажилласангүй. Эл жүжигт тоглохоор болсон минь ч үүнтэй холбоотой. Өөрийгөө дахин туршъя, сорьё гэж бодсон юм. Нөгөө талаас яагаад бидний үеийнхэн буюу 40 эргэм насныхны хайр дурлал, сэтгэл хөдлөл, амьдралын талаар уран бүтээл хийдэггүй юм бол. Өөрөө энэ сэдвээр кино хийдэг ч юм бил үү гэж боддог байлаа. Гэтэл эл жүжгийн санал ирсэн. Яг л тохироо нь бүрдсэн мэт. Бидний нас их сонирхолтой шүү дээ. Нэг үгээр, тархи, зүрхнийхээ тэнцвэрийг олчихсон, аливааг сэтгэл хөдлөл, ухаанаа хослуулан шийдэж чаддаг болчихдог нас. Тоглохоор бэлтгэж буй дүр минь ч сонирхолтой. Алга урвуулахын төдийд гэж үг байдаг даа. Яг л түүн шиг 73 цагийн дотор амьдрал нь өөрчлөгдөж буй эмэгтэй” хэмээн дүрээ тодруулсан юм. Түүний дүрийг улам тодотгох буюу ээжийнх нь дүрд жүжигчин Д.Батцэцэг тоглоно. Дуу хоолойгоороо үзэгчдийн эчнээ танил, орчуулгын киноны нэрт дуу оруулагч жүжигчин тэрбээр 30-аад жилийн дараа тайзнаа эргэн гарах нь. Тэрбээр “1991 оны нэгдүгээр сарын 5-нд нэрт жүжигчин Л.Жанчивдорж, Г.Дашхүү ах нартайгаа И.Нямгаваа найруулагчийн “Асар үнэтэй ая тух” жүжгийн гол дүрд тоглож тайзнаа анх гарч байлаа. Хоёр жил шахам театрт ажиллаад, түүнээс хойш дэлгэцийн уран бүтээлд дагнан ажиллажээ. Эл уран бүтээлд амьдрал, уран бүтээлийн хамтрагч Р.Анхням дүүгийнхээ ээжийн дүрд тоглоно” гэв.
Харин Мишээлийн амьдралыг 73-хан цагийн дотор өөрчлөх Галаагийн дүрд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр тоглох нь. Тэрбээр “Театрын уран бүтээл гайхамшигтай шүү дээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд уран бүтээлээс хөндийрөөгүй, дэлгэцийн бүтээлүүдэд ажиллаж байсан ч театрын тайзнаас авдаг энэ мэдрэмжийг их санажээ. 2005 онд манай хамтлаг “Зун орсон цас” мюзиклыг үзэгчдэд хүргэж байлаа. Манай хамтлаг сая дурдсанаас гадна “Дурлал яг үлгэр шиг, үхэл шиг” уран бүтээлийг мөн тоглож байв. Бүгдийг нь Н.Болд найруулагч найруулсан. 17 жилийн дараа эл найруулагчтайгаа дахин хамтран ажиллаж буйдаа их баяртай байна” гэлээ. “73 цаг” жүжгийг найруулагч Н.Болд найруулж буй. Тэрбээр Монгол төрийн наадмыг гурвантаа дэглэсэн, “Яаралтай цахилгаан”, “Өрлөг жанжны өчил”, “Би эрчүүдийг хүснэ”, “Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг”, “Шөнө дундын бүжиг”, “Стриптиз блюз”, “Нэг л уучил” жүжиг, “Зун орсон цас” мюзикл”, “Учиртай гурван толгой” дууриараа театрын суудал эзгүйрсэн үед үзэгчдийг театр луу урин дуудаж байв. Түүний найруулж, цомнолыг нь бичсэн “Чингис хаан” рок дуурь, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь үзэгчдийн хүсэлтээр өнөөг хүртэл тоглогдсоор буй. Н.Болд найруулагч “73 цаг” жүжгийнхээ талаар “Хүн ямарваа зүйлийг шийдэж, үйлдсэний дараах 24 цагт бардам, итгэлтэй явдаг аж. Удаах 24 цагт эргэлзэж, эргэн тунгаадаг. Үүний дараах 24 цагт тунгаасны эцэст хамгийн зөв шийдвэр гаргадаг гэсэн судалгаа бий. Энэ зүгээр л жишээ шүү. Олон зүйлийн хугацааг 72 цагаар тодорхойлсон нь бий. Харин яагаад зохиолч жүжгээ 72 биш, “73 цаг” гэж нэрлэснийг үзсэн хүмүүс ойлгох болов уу. Жүжгийн эл зохиолыг жүжигчин Н.Отгонтогос 2004 онд Х.Наранжаргал эгчид захиалж, бичүүлсэн юм. Харамсалтай нь, тэр үед эл уран бүтээлийг “амилуулах” боломж, тохироо бүрдээгүй. Анх эл зохиолыг уншсанаас хойш л үе үе бодогдож, хийх сэн гэж хүсэж явсаар 18 жил өнгөрчээ. Харин одоо л хүргэх цаг нь бололтой” хэмээв.
Эл жүжгийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна. Тэрбээр “Найдал” олон улсын уралдааны дэд болон гутгаар байр, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдааны тэргүүн болон дэд байрт шалгарч, Төв Азийн олон улсын залуучуудын фестивалийн алтан цом, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” цомын эзэн болж байсан нэгэн юм. “73 цаг” жүжгийн тайзны зургийг А.Одонцэцэг гарган, урлаж буй. Театрын урлагт дурлагсад түүнийг УДЭТ-ын “Эдип хаан” жүжгийн ерөнхий зураачаар ажилласнаар нь мэднэ. Харин жүжгийн дууг А.Төгсбаяр зохиож, Р.Анхнямтай хамтран дуулсныг тус уран бүтээлийн фэйсбүүк хуудсаар үзэж болох аж.
Ташрамд дурдахад, чадварлаг жүжигчид, найруулгын онцгой шийдэл, хараа булаам тайз засал, сэтгэл татам хөгжмөөр шинэ ойлголт, хандлагыг харуулах “73 цаг” уянгын жүжгийг энэ сарын 28-наас Улсын хүүхэлдэйн театрт тоглоно. Түүнчлэн тус жүжгийг англи хэлээр АНУ, ХБНГУ, Швед, ОХУ, Австри, БНСУ, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглохоор төлөвлөжээ.