Дэлхийн улс орнуудын хоол хүнсний хангамж, худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа цар тахлыг хохирол багатай туулах нь салбар бүрийн нэн тэргүүний зорилт болж буй. Манай улсын хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын таван жил онцгой анхаарч, бодлогоор дэмжих, түүхий эд, бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан. Үүний хүрээнд салбарын сайд өчигдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзжээ. Энэ үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллах талаар ярилцсан байна. Сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформ бий болгож, БНЭУ-ын дэвшилт технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн аж. Уг платформыг бий болгосноор Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон Засгийн газар, салбарын яам, төрийн бусад байгууллагын шат шатны хэрэглэгчдэд ашиг тустай гэнэ.