Цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж чадалгүй хоёр жил “царцсан” хүүхдийн зуслангууд энэ зунаас дахин “амилж”, хүүхэд, багачуудад үйлчилж эхлэх нь. Албаны хүмүүсийн мэдээлснээр 2022-2023 оны хичээлийн жилийн зуны амралтаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 зуслан үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар бэлтгэлээ базааж буй. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт бүртгэлтэй 20 зуслан байдаг аж. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд тавигдах стандартын дагуу энэ сарын 25-наас мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий ажлын багийнхан зуслангуудад очиж, хяналт шалгалт хийх юм байна. Үүний дараа ирэх сарын эхээр хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг зарлах нь. Ингэснээр 6-18 насныхныг 5-7 хоногоор хүлээн авч, амраах бөгөөд үнийн хувьд дунджаар 350 мянган төгрөг байх төлөвтэй.