“Формула-1” авто уралдааны хаан М.Шумахерын фэнүүд түүнийг хүүтэй гэдгийг сайн мэднэ. Мэдэхээс ч аргагүй, учир нь Мик хоёр дахь улиралдаа “Хаас” багт уралдаж байна. Тэрбээр дорвитой амжилт гаргаагүй агаад одоогоор нэг ч удаа шагналын тавцанд гараагүй, мөн оноо авч чадаагүй явна. Гэхдээ “Формула- 2”-ын аварга, 23 настай түүнд ирээдүй бий.
М.Шумахерын гэр бүлд өөр нэг тамирчин байдаг. Тэр бол охин нь. Түүхэн дэх хамгийн алдартай уралдаанчийн охиныг Жина-Мария гэдэг бөгөөд авто спорттой бус, морин уралдаантай холбоотой юм. Тэрбээр жирийн нэг морин уралдаанч бус, ковбой алхалтын төрлөөр дэлхийн хошой, Европын нэг удаагийн аварга аж.
Жина 2019 оны арваннэгдүгээр сард Веронад болсон тэмцээнд оролцохдоо аавынхаа төлөө шоу үзүүлбэр толилуулж байв. Тодруулбал, аавынхаа “Феррари”-д уралдаж байсан үеийн малгай, комбинзонтой талбайд гарч, морио 2000-аад оны үеийн тус багийн машины өнгө, дизайн бүхий өмсгөлөөр хувцаслаж байв.
Жинагийн инстаграм хуудас нь 130 мянга гаруй дагагчтай бөгөөд түүнд нь үдэшлэг, наран шарлагын газар, шоуны үеийн зураг нэг ч байхгүй. Харин морь, нохой болон гэр бүлийнх нь гэрэл зураг голлодог.