Монголын спорт авиралтын УАШТ болж, хот, орон нутгийн шилдэг тамирчид өрсөлдөв. Дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад оролцсон, Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийнхэн энэ удаа улсын аварга багаар шалгарлаа. Хурд, техник, боулдеринг төрөлд тус клубийн II багийнхан таван алт, гурван хүрэл медаль хүртэв. Мөн I багийнхан нь дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль зүүж, цом гардлаа. Өсөх ирээдүйтэй өсвөрийн эрэгтэй тамирчнаар Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Г.Отгонбилэг, эмэгтэйчүүдээс 7б ангийн сурагч Т.Туулайхүү тодров. Шилдэг эмэгтэй тамирчнаар 11а ангийн сурагч, спорт авиралтын II зэрэгтэй Н.Сэлэнгэ шалгарсан юм. Насанд хүрэгчдийн ангилалд Азийн аварга, ОУХМ Н.Хэрлэн хоёр төрөлд хошой алт, техникийнхэд хүрэл, О.Сайханжаргал боулдеринг төрөлд мөнгөн медаль хүртэв. Тус клубийнхэн өмнө нь мөсөнд авиралтын төрлөөр Улаанбаатар хот болон улсын аварга багаар шалгарсан билээ.