АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖЯ, ЗТХЯ хамтран “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөн хэрэгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлэх боллоо. Америкийн тус байгууллага нь дэд бүтэц төлөвлөлт, байгаль хамгааллын асуудал тулгамдсан гурван оронд төсөл хэрэгжүүлэхээр сонгоход Монгол, Балба, Энэтхэг багтжээ. Төслийн явцад мэргэжлийн судлаач, зөвлөх инженерүүд дэд бүтцийг байгаль, зэрлэг амьтдад хэрхэн ээлтэйгээр төлөвлөх талаар манай холбогдох байгууллагынханд зөвлөмж, чиглэл өгөх нь. Тэрчлэн дэд бүтэц төлөвлөх, гүйцэтгэх, хүлээн авах, хариуцах, хяналт тавих шат шатны нэгжийн ажилтнуудыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандартын хэрэгжилтийг хангах чиглэлд голчлон анхаарах гэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд төмөр зам дагуу татсан 1200 метр өргөст торыг авсан гэж ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням төслийн танилцуулгын үеэр онцолсон бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантулга Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн шинэ бүтээн байгуулалтад зэрлэг амьтад үрэгдэж эхэлснийг онцлоод, үүнд анхаарах шаардлагатайг дурдав.
Ж.Сувдмаа