Тогтвортой хөгжлийн зорилгын 16.2-т “Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоож, устгана” гэж тусгасан. Тэгвэл хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх аян өрнүүлж буй “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагынхан эл зорилтод хүрэхийн тулд Засгийн газар, хүүхдийн эрх хамгаалах газрууд ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал дэвшүүлэв. Нэн түрүүнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж, хэрэгжилтийг нь сайжруулахыг зөвлөлөө.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд шийдэх, эсэхээс үл хамааран хүчирхийллийн тохиолдол бүрийг орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдээлж, хохирогч төвтэй үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх нь зүйтэй гэнэ. Хоёрдугаарт, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж, аюулгүй байдлыг нь хангахын тулд эцэг, эх, асран хамгаалагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гуравдугаарт, Харилцаа, холбооны зохицуулах хороо цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Өсвөр насны охидын 15, хөвгүүдийн зургаан хувь нь цахим орчинд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг судлаачид эшлэв. Ялангуяа нийгмийн бусад сүлжээнээс хамгийн хортой, эрсдэлтэйд тооцогддог инстаграммын хэрэглээнд хяналт тавих нь чухал гэлээ. Дөрөвдүгээрт, сургуулийн орчныг аюулгүй, хүчирхийлэлгүй болгоход анхаарах ёстой аж. БШУЯ хүүхэд хамгааллын бодлого боловсруулж, хэрэгжилтийг нь жил бүр тогтмол хянавал үр дүнтэй хэмээн дурдлаа.
Ж.Сувдмаа