Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г “Adam Smith international” компани гүйцэтгэсэн бөгөөд өчигдөр дүнг нь танилцууллаа. Манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь дээрх салбарт ногдож буй. Уул уурхайн салбарт ногдсон хөрөнгө оруулалт 10 жилийн өмнөхөөс бараг гурав дахин буурсныг статистикаас харж болохоор байна. 2011 онд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зогсоож, дараа жил нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан зэргээр хөрөнгө оруулагчдыг үргээсэн билээ, Монгол Улс.
Уул уурхайн болон хайгуулын компаниуд, хөрөнгө оруулагчид, салбарын холбоод, зохицуулагч байгууллагуудын төлөөллийг дээрх судалгаанд оролцуулсан бөгөөд тэд олон улсын жишгийн дагуу бэлтгэсэн асуулгад хариулт өгсөн аж. Тэдний заримаас нь ярилцлага авахад илэрхийлсэн байр сууриас дурдвал “Эрдэс баялаг ихтэй бусад оронд байдаг шиг геологийн мэдээллийг нэгдсэн байдлаар олоход хүндрэлтэй”, “Монгол Улсын шүүхээр маргаан шийдвэрлэх процесс илт хангалтгүй, хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байдаг ч Монголын Засгийн газар олон улсын маргаан шийдвэрлэх механизмаас аль болох зайлсхийдэг”, “Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоо “бүрхэг”, “Тусгай зөвшөөрөл олгох үр дүнтэй тогтолцоогүй байсаар 10 гаруй жилийн нүүр үзлээ”, “Гол асуудал нь хуульд байгаа юм биш. Хууль ба түүнийг хэрэгжүүлэх журам хоорондын зөрчил гол саад болдог” гэжээ. Уг судалгааг 2021 оны 10, 11 дүгээр сард авсан бөгөөд Канад Улсын “Фрейзер” институтийн жил бүр гаргадаг уул уурхайн салбарын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
Манай улсын давуу талын хувьд байгалийн арвин баялаг, тэр дундаа зэс, нүүрс, алтны өндөр “чанартай” ордтой төдийгүй нэмж илрүүлэх асар их боломжтой, томоохон хэрэглэгчийн зах зээл, дэлхийн эрэлт хэрэгцээний төв болох Хятадтай ойр байрладаг, улсын хэмжээнд интернэт, үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээ сайн, аюулгүй байдлын эрсдэл, хүн амын нягтрал бага тул ирээдүйд бүтээгдэхүүн олборлож болохуйц газруудад нэвтрэх боломж сайтай, залуу, боловсролтой, чадварлаг боловсон хүчинтэй, ОҮИТБС-ын зарчмуудыг сайн дагаж мөрддөг, ажиллах хүчний зардал харьцангуй доогуур хэмээн судалгаанд дурджээ. Тэгвэл боломжийн тухайд гол эрдэс бүтээгдэхүүний эрэлт, үнэ өсөх талтай, тэдгээр таваарт нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүдийн хөгжил, шинэ томоохон ордууд илрүүлсэн зэргийг тэмдэглэсэн байлаа. Харин дэлхийн түүхий эдийн эрэлт үе үе багасаж, улмаар голлох эрдэс бүтээгдэхүүний ханш хямдрах магадлалтай, уур амьсгалтай холбоотойгоор чулуужсан түлшийг хоригловол нүүрсний экспортыг хязгаарлаж болзошгүй, цар тахлын тархалтаас шалтгаалж хил хаагдах, уул уурхайн салбарын байгальд үзүүлэх сөрөг нөлөө, Монгол шиг эрсдэлтэй оронд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдын сонирхол буурах зэрэг нь болгоомжлох зүйл аж.
Үүнээс гадна сул тал цөөнгүй байгааг сануулсан юм. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн хувьд улс төрийн тогтворгүй байдал, баялгийг өмчирхөх үндсэрхэг үзэл, популист хөдөлгөөн зэргийг дурдаж болох нь. Мөн бодлого, институцийн хүчин зүйлсийн тухайд хууль, эрх зүйн зохицуулалт, бодлогын тогтолцоо, орлогын менежмент сул, уул уурхайн татварын хувь хэмжээ, ялангуяа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хувь хэмжээ өрсөлдөхүйц биш, Засгийн газрын өөрчлөлтөөс шалтгаалж бодлого, зохицуулалтын орчин байнга хувьсдаг хэмээн дурдлаа. Тэрчлэн дээрх салбарт хөрөнгө оруулалт “авчрах” манлайлагч байгууллага дутмаг, үүнийг татах агентлагуудын институцийн чадавх сул, Засгийн газар хөрөнгө оруулагчидтай олон удаа маргаан үүсгэсэн түүхтэй гэв. Бас уул уурхайн салбар болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар олонд танигдсан амжилтын түүх, эсвэл сүүлийн үед өгсөн хүчтэй, эерэг мессеж байхгүй хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн нийлүүлэлтийн тал ба үйлдвэрлэлтэй холбоотой сул талууд бийг санууллаа. Тэдгээр нь уул уурхайн салбар маш цөөн тооны том уурхайгаас хамааралтай, судалгаа болон хөгжүүлэлт, шинэ технологи, ялангуяа жижиг ордод зарцуулах хөрөнгө оруулалт бага, дэд бүтэц муу, эрчим хүчний хангамж хомсдолтой, хилийн боомтуудад экспортын ложистикийн гацаа үүссэн, далайд гарцгүй, үйлдвэрлэлийн зарцуулалт харьцангуй өндөр гэдгийг дурдсан байв.
Дээрх судалгааны хүрээнд Монголын уул уурхайн салбарыг Баруун Австрали, Чили, Замби улсынхтай харьцуулж, SWOT шинжилгээнээс гадна кэйс судалгаа хийжээ. “Фрейзер” институтээс 2019 онд хийсэн үнэлгээгээр Баруун Австрали нь ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулах боломжоор дэлхийд нэгдүгээрт бичигджээ. Тэндхийн уул уурхай, газрын тосны салбарт нийт хөрөнгө оруулалтын 58 хувь нь ногддог аж. Чили улсын хувьд эрдэс баялгийн салбар нь эдийн засгийнх нь тулгуур багана гэгддэг. 2019 оны байдлаар гэхэд төсвийн орлогынх нь 40-43, ДНБ-ийх нь 10 орчим, экспортын талаас илүү хувийг нь бүрдүүлсэн учраас тэр. Тус улсад 2020 онд 458 сая ам.долларыг хайгуулын үйл ажиллагаанд төсөвлөн зарцуулсан дүн бий. Зэсийн үйлдвэрлэлээр одоогоор тэргүүлж буй Чили 2020-2029 онд уул уурхайн 49, тэр дундаа зэс олборлох 32 төсөлд нийт 74 тэрбум “ногоон”-ы хөрөнгө оруулахаар төлөвлөж буй юм байна. Уул уурхайгаас эдийн засаг нь ихээхэн хамааралтай гэдгээрээ Монголтой адил Замби улсын хувьд 2020 оны байдлаар уг салбараас ДНБ-ийхээ 11, экспортын 79.5, төсвийн орлогынхоо 31.4 хувийг бүрдүүлжээ. Төв Африкийн тус орны уул уурхайн салбарт Хятадын компаниудын хөрөнгө оруулалт их, хэмжээ нь ч нэмэгдэж байгаа гэнэ.
Эдгээр судалгааны эцэст Монгол Улсын нөхцөл байдлыг харгалзан зөвлөмж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал өгчээ. Тухайлбал, үнэ цэн бүхий тусгай зөвшөөрлийг ил тод олгох, МонГеоКат системийг үргэлжлүүлэн ашиглах, газрын зураг, геологийн мэдээллийг нийтлэх, холбогдох хууль тогтоомжийн өөр хоорондоо зөрчилдөж буй зүйл, заалтуудыг цэгцлэх хэрэгтэй аж. Мөн олонх оролцогч тал хамгийн чухал асуудал хэмээн үздэг хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх механизмд анхаарах нь зүйтэй гэв. Үүний тулд бусад улс орны маргаан шийдвэрлэх тогтолцоог судлах, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, Эдийн засгийн хөгжлийн яамны “Инвест Монголиа” агентлагтай үйл ажиллагааг нь холбох, олон улсын гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн сайжруулах нь зүйтэй юм байна. Түүнчлэн хууль тогтоомжийг үзэмжээр хэрэглэх, маргаан үүсгэх орон зайг бий болгож буй хоёрдмол утгатай, тодорхой бус зохицуулалтуудыг шинэчлэх, шүүхээр шийддэг маргааны тоог бууруулж, хөрөнгө оруулагчдын эрхийг урвуулан ашиглах хуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэлээ. Бас хөрөнгө оруулагчидтай үүсгэсэн шийдвэрлээгүй маргааныг эцэслэх, хууль, эрх зүйн үйл явцын ил тод, тодорхой байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг дурдав.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын институцийн тогтолцоонд анхаарах учиртайг ч анхааруулсан юм. Тодруулбал, “Invest Mongolia” агентлагийн чадавхыг нэмэгдүүлэх, орчин үеийн бодлогын санаачилга, хөтөлбөр, арга хэрэгслийг судлах, хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад үзүүлэх нэг цонхны үйлчилгээ болон хөрөнгө оруулсны дараах тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Эдгээрээс гадна хөрөнгө оруулагчдад виз олгох нөхцөлийг сайжруулж, цахимжуулах ажлын явцыг хурдасгах, ГШХО-ын хэрэгцээ болон улс орны эдийн засагт үүний гүйцэтгэх үүргийг тайлбарлах мэдээлэл харилцааны стратеги боловсруулах нь зүйтэйг дурджээ.
Судалгаанд оролцогчдын зүгээс АМНАТ болон түүнийг тооцож буй суурь үнийг шударга бусаар тодорхойлдог хэмээн үздэгээ илэрхийлсэн нь өөр нэг анхаарах ёстой асуудал. Иймээс олон улсын жишиг үнийг Монголд хэрхэн ашиглах талаар судлах, борлуулсан бүтээгдэхүүнд хорт металл, эсвэл элемент агуулагдсан тохиолдолд гадаадын орнуудад мөрддөг торгуулийн хасалт хийх мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгтэй аж. Бас АМНАТ-ийг давхар ногдуулах практикийг халах (олборлосон ашигт малтмал болон боловсруулсан бүтээгдэхүүнд), дотоод, гадаадын зах зээл дэх борлуулалтад ногдуулдаг нөөц ашигласны төлбөрийн зөрүүг арилгах, тавааруудад өөр өөр хувь хэмжээгээр ногдуулж буй нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг боловсронгуй болгох нь зүйтэй гэв. Түүнчлэн ГШХО-тай холбоотой, улс төрийн намуудын хамтарсан мэдэгдлийн төсөл боловсруулж, улс төрийн тогтворгүй байдлын талаарх төсөөллийг залруулах хэрэгтэй байх нь. Мөн оролцогч талууд болох компани, улсын болон орон нутгийн засаг захиргаа, иргэдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан баримт бичгийн төсөл боловсруулах замаар иргэдийн маргаан, талцлыг бууруулахад ч анхаарах учиртай аж. Судалгааны үр дүнг танилцуулсны дараа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга хэмжээний талаар оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.