Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2012 онд олноороо мод тарьсан. Тэгэхэд “Энэ том талбайг хэзээ, юугаар дүүргэнэ дээ” гэж бодож байв. 2016, 2017 онд хэд хэдэн удаа очиход дугуй унаж зугаалах боломжтой, сагсан бөмбөг, талбайн теннис, хөлбөмбөг тоглож болохоор байсан юм. Тэр үед суугаад тухтай хооллож, ундлах аргагүй байсан санагдана.
Зуны эхэн бага сард модод гөлөглөх цагаар дахин очлоо. Хойноос нь ордог хаалга хавьцаа бум бужигнаж, түм түжигнэнэ гэх лүгээ адил, эсвэл улсын наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ямар байдгийг санагдуулам олон хүн цугларчээ. Өнгөрсөн ням гаргийн 18.30-20.00 цагийн хооронд тэнд байхдаа хүрээлэнгийн үйл ажиллагаа өргөжсөнийг харлаа.
Үүдний хэсэгт хүүхдийн тоглоом худалдаж буй бүсгүйтэй уулзаж хэдэн үг сольсон юм. Тэрбээр “Бид талбай түрээсэлж худалдаа хийдэг. Салхи, шуургатай үед хүмүүс ирэхгүй болохоор бидэнд тиймхэн л байх юм. Юу ч гэсэн ирчихээд, буцаад явдаг. Өчигдөр, өнөөдөр л хүн олон байна” гэв. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хүүхдийн удирдлагатай машин ажиллуулах, хүүхдэд зориулсан тоглоомын худалдаа явуулах, хөгжөөнт “Дартс” тоглуулах, зайрмагийн худалдаа эрхлэх, бага насны хүүхдэд зориулсан төрөл бүрийн тоглоомоор үйлчлэх гэсэн хэлбэрээр хамтран ажилладаг гэнэ.
Тэр хавьд хог ялгаж хаях зориулалтын дөрвөн өнгийн сав байрлуулснаас авхуулаад, худалдаачдын эргэн тойронд ч эмх цэгцтэй аж. Орох хаалганы хажууд нохойгоо хошуувчтай оруулахыг сануулсан анхааруулга хадаастай авч, лав хоёр ч гэр бүл овчаркны гөлгийг хошуувчгүй хөтөлж орохыг харав.
Уурын галт тэрэг дуурайлгаж урласан улаан өнгийн галт тэрэг зорчигчдоо тээсээр “аахилан уухилан” гарч ирэх нь хүүхдийн ертөнцөд хөл тавьсныг мэдрүүлэм. Түүнд голдуу бага насныхан суужээ. Харин түүний араас яваа задгай автобусанд ээж, аав нар хүүхдүүдтэйгээ багтсан байсан. Ийм унаагаар яваа охид, хөвгүүд ихэд баяртай.
Урагш алхсаар хүүхдийн тоглоомын хэсэгтэй талбайд очлоо. Хүрээлэнгийнхэн хүн хүч болоод янз бүрийн тоглоом, үзэх, харах, ажиглах зүйлс олныг нэмсэн нь илт. Гэсэн ч бага насны хүүхдүүдэд тоглоом хүрэлцэхтэй, үгүйтэй юм. Хиймэл цөөрөм хоёр байна. Нэг нь усан оргилууртай бололтой. Тухайн үед ус цацруулж байгаагүй болохоор хэрхэн ажилладгийг нь мэдэж чадсангүй. Цаахна нь буй цөөрөмд хүүхдүүд завиар зугаалж байв. Хүүхэд бүрт аврах хантааз өмсүүлжээ.
Савлуур, гулсуур хэд хэд байна. Эдгээрийг голдуу мод, чанарлаг хуванцраар хийснийг олзуурхав. Нэгэн гулсуурын шатаар 3-4 насны хүүхдүүд ар араасаа авирч буйг харахад эгдүүтэй. Шат нь мод биш юм. Уян төмрөн, гулзганасан материалтай. Тороос гэдэг дээ. Түүгээр өгсөхөд бага зэрэг хөдөлгөөнтэй тул хүүхдүүд унахгүйг хичээхэд булчин шөрмөс нь чангармаар. Хүүхдүүд шатаар өгсөж, уруудах явцдаа “амьдралын хатуу бэрх”-тэй нэлээд тулдаг бололтой. Авирч явсан жаахан хүү дээхнэ яваа охиныг “Хурдан дээшээ авираач ээ. Миний гар дээр гишгэлээ шүү дээ” гэж байв.
Урагшлах тусам хөгжмийн дуу чангарч байлаа. Очих гэсээр байтал чимээ намдав. “Булцгар” хэмээх асарт “Булцгар” хүүхэлдэйн киноны баатрууд концерт тоглоод өндөрлөжээ. Тус киноны уран бүтээлчид “Энтертайнмент Эм Эн” студийнхэнтэй хамтарч зуны турш тоглолтоор үйлчлэхээр энэ өдөр нээлтээ хийсэн аж. Асарт хүүхдүүд сандал дээр эгнэн суугаад киноны баатруудын дуулж, жүжиглэхийг харахад 9900 төгрөг юм байна. Эцэг, эхчүүд нь 3000-ыг төлнө. Нээлтээр бол аав, ээжүүдээс мөнгө авалгүй оруулжээ.
Дугуй унуулдаг хэсэгт очив. Тасалбар авсан хүмүүс дугуй сулрахыг хүлээж багагүй дараалал үүсгэжээ. Хоёр хүний дугуйгаар нэг тойрог явахад 5000 төгрөгийн үнэтэй юм байна. Нэг хүнийхээр 30 минут явах бол тав, харин нэг цагийн турш зугаалах бол 10 мянгыг төлнө. Түргэн хоолны газар, зайрмагийн мухлаг хэд хэдтэй болжээ. Энэ өдөр хамгийн эрэлттэй нь мөхөөлдөс байлаа. “Сүүн” хэмээх зайрмагийн мухлагийн гадаа 20-30 хүн дугаарлан зогссон байсан.
Энэ мэтчилэн хаана, юу нэмэгдэж вэ, үйлчилгээгээ хэр сайжруулсан зэргийг ажиглаж цаг гаруй явахдаа цэцэрлэгт хүрээлэнд мод сайхан ургаж байгааг мэдлээ. Байгууллагуудын тарьсан төглүүдийг хариуцлагатай арчилдаг юм байна. Моднуудад гурван талаас нь түшсэн модон тулгуур хийсэн тул унадаггүй аж. Явган хүний зам дагуух модод саглайсаар байх биз ээ. Харин удахгүй тэр чигтээ ногоон хивсээр бүрсэн мэт болох том талбайд хүмүүс дэвсгэр дээр тухалж, гэрээсээ авч очсон, эсвэл худалдаж авсан ойр зуурын зууш, ундаагаа дэлгээд суудаг болбол гэсэн бодол тээсээр гарах тийш хандсан юм.
Наран шингэх дөхөж байхад хойд зүгийг чиглэн алхах зуураа баруунаа үзэгдэх байгууламжийг харж явлаа. Загвар, хийц, оройг нь харахад цирк байж магадгүй түүний наахна уран бүтээлч А.Очирболдын цуврал бүтээлийн нэг болов уу гэхээр гурамсан бүтэц бүхий баримал байна. Нааш ажвал хүмүүс амарч суудаг талбайд монголжуу төрхтэй хоёр хүн ихэд дотно ярилцаж суугаагаар дүрсэлсэн баримал байх аж. Түүнийг Ардын уран зохиолч Ч.Лодойдамба, түүний гэргий Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын дурсгалын хөшөө бололтой.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2009 онд нийслэлийн ИТХ-ын шийдвэр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 230 дугаар захирамжаар байгуулжээ. Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтэд амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломж олгох, эрүүл, эко орчныг бүрдүүлэн дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын төв болох зорилготой.
Байгууллага 113 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм байна. Нийт 973 га газарт бүтээн байгуулалт хийх учиртай бөгөөд одоогоор 183 га талбайн ерөнхий төлөвлөгөөг хийсэн аж. Талбайн 15 хувийг тохижуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тоглоом, амрах булан гэх зэргийг байгуулна. Харин талбайн 85 хувийг ногоон байгууламж чигээр нь байлгах аж. Энд 32 зүйлийн 148 000 мод, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж буй гэнэ. Шилмүүст мод 3.5 , навчит 22.3, гоёл чимэглэлийн бут, сөөг 9.5, сөөг буюу ургамлан хашлага 64.6 хувийг эзэлдэг ажээ. Төрийн болон хувийн 100 гаруй байгууллага төгөл үүсгэсэн бол 30 гаруй нь тодорхой хэмжээний талбайг өөрийн нэрэмжит болгон тохижуулжээ.