Ус авах чинь хэцүү байв шүү. Ажил тарахтай зэрэгцээд худаг хаачихна, амралт, баяр ёслолын зарим өдөр мөн онгойхгүй. Худаг хаагаагүй байхад усаа авч чадаагүй бол хөршөөсөө гуйх, эсвэл орон сууцад амьдардаг айлаас зөөж авчрах явдал ч гарна. Хүмүүс амарсан өдөр, ажлын бус цагаар худаг онгорхой байсан ч бөөн дугаар үүсдэг сэн. Өнгө өнгийн хуванцар сав, битон, усны тэргийг эгнүүлж тавиад хүлээнэ. Түгээгүүрийн шланкийг булаалцалдан, ус асган цутган өөр хоорондоо дамжуулан байж сав руугаа хийнэ. Худгийн ойр орчимд дулаан үед шалбааг, өвөлд мөс тогтоож халтирч унах, эсвэл гутлаа норгох нь элбэг байлаа” хэмээн Налайх дүүргийн III хорооны иргэн Г.Бат-Энх ярив. Үүнээс гадна зарим худгийн усыг автомашинаар зөөж хийнэ. Амралтын өдрүүдэд иргэд их ус аваад эхэлмэгц худгийнх нь дуусаж орхино. Цистерн ус авчирч юүлэхийг нь хүлээн мөн л цаг алдах нь олонтоо. Тэгвэл өдгөө зарим дүүрэг, хорооны худгийн нөхцөл байдал шал өөр болжээ. Тухайлбал, Налайх дүүргийн бүх хороонд ухаалаг худаг ашиглалтад оруулсан юм байна. Ийм худаг нь 24 цагийн ажиллагаатай, хүний оролцоогүй ажилладгаараа давуу талтай. Иргэд усаа авахын тулд карт уншуулж төлбөрөө төлнө. Картаа бүх банкны данснаас хоёр минутын дотор цэнэглэж болно. Энэ талаар Налайх дүүргийн “Чандмань Налайх” орон сууцын конторын цэвэр усны лабораторийн химич Н.Сэлэнгэ ийн ярив. “Манай дүүргийн нийт худгийг хагас зуун жилийн өмнө ашиглалтад оруулсан. Ийм олон жил болсон учраас чанарын шаардлага хангахгүй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас хаах шаардлага удаа дараа өгч байв. Тиймээс засаж, сайжруулах хэрэгтэй болж олон улсын байгууллагуудад хандан, санхүүгийн дэмжлэг хүссэн. Тэд худгийн байшингаа засаж, усны танк зэргийг сольж болох ч иргэд ус авахад хялбар, найдвартай ажиллагаатай болбол дэмжихээ илэрхийлсэн юм. Ингээд худгаа бүрэн шинэчлэх болж, ухаалаг төхөөрөмж суурилуулуулахаар цөөнгүй компанид хандсан ч хамгийн найдвартай ажиллагааг санал болгосон нь “Баялаг говь” байсан. Ингээд 15 худагт тус компанийн төхөөрөмж суурилуулсан бөгөөд өдгөө бүгд хэвийн ажиллан, хүмүүс ч сэтгэл хангалууун байна. Өмнө нь нэг худагт сард 20 цестерн ус хийн, борлуулж байсан бол автоматжуулснаар эл дүн хоёр дахин өссөн. Энэ нь худаг 24 цагаар ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Худгийн байшин дотор камер суурилуулснаар ажилчид ямар үйлчилгээ хийж буй нь харагддаг. Харин гадна талд нь тавьсан камераар ойр орчноо ч хянах боломж бүрдсэн. Ийм цогц техник, төхөөрөмжийг “Баялаг говь”-ийнхон суурилуулж өгсөн юм. Манай дүүрэгт өмнө нь ухаалаг худгийн өөр төрлийн тоног төхөөрөмж суурилуулаад ажиллахгүй байсан тохиолдол бий. Иргэд гомдоллож байсан бөгөөд засуулах, эсвэл шинийг суурилах хэрэг гарсан” гэж тэрбээр хэллээ.
Ухаалаг, найдвартай, тасралтгүй ажиллагаатай худагтай болоход төхөөрөмж суурилуулж, технологи хөгжүүлэх шаардлагатай. Ийм технологийг хөгжүүлж, нэвтрүүлсэн анхдагчдын нэг нь “Баялаг говь” компани аж. Тус компани барилга болон автоматжуулалт, тоног төхөөрөмжийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болжээ. Харин “Автохудаг” төслөө 2015 оноос хөгжүүлж, нэвтрүүлсэн байна. Автомат буюу ухаалаг худгийн агаарын чийгшил, тасалгааны температур болон бусад олон мэдээллийг компьютерт хянаж байдаг. Хэрэв агаарын хэм буурч, ус хөлдөх, эсвэл аюулгүй байдлын бусад дохиолол ажиллах үед комьютерт мэдээлэл ирнэ. Мөн аль худгаас хэний картаар, хэдэн литр ус авсныг хянахын зэрэгцээ танк дахь үлдэгдлийн хэм жээ багасвал мөн серверт дохио ирнэ. Ингэснээр худаг хариуцсан хүмүүс, эсвэл шаардлагатай тохиолдолд “Баялаг говь”-ийнхон үүссэн асуудлыг шийдвэрлэнэ. Худгууд зөөврийн, шугамын, гүний, ачилтын гээд дөрвөн янз ч төхөөрөмжийн ажиллах зарчим нэг. Жилийн аль ч үе, хоногийн 24 цагт ус авах боломжтой гэсэн үг. “Баялаг говь”-ийнхон 21 аймгийн төвийн ихэнхэд, зарим сумын төвд одоогоор 670 орчим худагт ухаалаг төхөөрөмж суурилуулжээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатарт хэд хэдэн худаг автоматжуулсан аж. Дээр дурдсан “Автохудаг” төслийн технологийг 2015 оноос хойш гурван удаа шинэчилсэн юм байна. Ирэх оноос “Автохудаг 6.0” төслийг хэрэгжүүлж, технологио илүү сайжруулан, одоо үүсэж буй зарим хүндрэлийг хялбар шийдэх боломж бүрдүүлэхээ “Баялаг говь” компанийн захирал Ө.Түвшинтөр дурдсан юм. Тэрбээр “Карт уншдаг, автомат ажиллагаатай төхөөрөмжийг худагт суурилуулаад байж болно. Гэхдээ манай орны байгаль, цаг уурын нөхцөл, иргэдийн хэрэглээнд тохирсон найвартай ажиллагааг хангах нь хамгийн чухал. Ухаалаг төхөөрөмжийг урт хугацаанд хэвийн ажиллуулахад тухайн төхөөрөмжийг ашиглаж буй усны байгууллагын оролцоо маш их. Мөн ажиллагааг нь бүрэн хариуцах, туршлагатай, үйлдвэрлэгч компанийг сонгох нь зүйтэй. Тоног төхөөрөмж учраас гэмтэл, саатал гарах нь бий. Үүний оношийг цаг алдалгүй олж, засварлах нь чухал юм. Манай улс өргөн уудам нутагтай, бидний үйлдвэрлэж буй худгийн төхөөрөмжийг орон даяар суурилуулсан ч асуудал гарсан үед байршил харгалзахгүйгээр өөрсдийн “Автохудаг” төхөөрөмж рүү зайнаас нэвтэрч, оношилж, засварлах боломжтой. Үүнээс гадна
Монгол Улс иргэдийнхээ хэрэглээний усны зарцуулалтыг нарийн мэддэггүй, төдийлөн бүртгэж чаддаггүй байсан гэж болно. Харин ухаалаг худагтай болсноор сум, баг, хорооны нэг айл, нэг өдөрт, эсвэл сард хэдэн литр ус хэрэглэж байгааг мэдэх боломж бүрдсэн. Ийм мэдээлэл нь манайд хадгалагдаж буй. Мөн сумын төвийн айлууд өмнө нь хэдэн литр ус хэрэглэсэн ч сард алдаг оног ганц хоёр мянган төгрөг төлдөг байдлыг худгийг автоматжуулснаар халсан. Айл өрх бүр хэрэглэсэн усны мөнгөө төлж эхлэснээр усны үнэ цэн нэмэгдэн, иргэд ч ариг гамтай ашиглаж буй болов уу. Бидэнд одоогоор 230 000 карт бүртгэлтэй байгаагийн 60 хувь нь өдөр бүр дунджаар 40 литр ус тогтмол авч буй тооцоо бий” хэмээн ярив.
“Баялаг говь”-ийн үйлдвэрлэж, суурилуулсан 670 худгийн 36 хувь нь Улаанбаатараас 300 км доторх тойрогт, 26 хувь нь 300-600, 24 хувь нь 600-1000 км-ийн дотор байгаа аж. Харин үлдсэн нь 1000 км-ээс дээш радиуст ашиглагдаж буй гэнэ. Гэсэн ч эдгээр худгийн бүх мэдээлэл компанийн компьютерт ирнэ. Тэр аймгийн, тэр сумын төддүгээр багийн худгаас өчигдөр 01.00 цагт 40 литр ус авав хэмээн бүртгэгддэг. Ер нь аймаг, сумын төвийн худгийг автоматжуулсан нь иргэдийн ундны усны эрүүл ахуйг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад томоохон түлхэц болсон юм байна. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн Говь-Алтай аймаг дахь орон нутгийн зөвлөх М.Эрдэнэбилэг “Говь-Алтай аймгийн төвийн хэмжээнд 30 гаруй худаг байгаагийн 22-т нь ухаалаг төхөөрөмж суурилуулсан. Ингэснээр уснаас олох орлого нэмэгдсэн. Мөн усны хэрэглээ ч ихэссэн. Худгийг 24 цагийн турш ажиллуулснаар нэг хүний хоногт хэрэглэж байсан 6.2 литр усны хэмжээ хоёр дахин нэмэгдэн, 12.8 литрт хүрчээ. Энэ нь хүний эрүүл мэнд, ахуй нөхцөл, ариун цэврийг сайжруулахад дөхөм болсон нэг үзүүлэлт. Ер нь олон улсад эрүүл ахуйн шаардлага хангасан усны хэрэглээ өндөр, нэг хүнд ногдох хэмжээ их байх нь хөгжлийн түвшнийг ч илэрхийлэх чухал үзүүлэлт болдог. Мөн орон нутагт иргэд авсан усныхаа литр тутамд мөнгө төлдөг болсон нь усыг үргүй зарцуулахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэдийгээр нэг литр усны үнэ хямд байгаа ч автомат худаг нь ус хэмнэх, үргүй зарцуулалтыг багасгахад чухал дэмжлэг болж буйг хэлэх нь зүйтэй. Манай аймагт худгийн ухаалаг төхөөрөмж суурилуулсан компаниудаас “Баялаг говь” хамгийн найдвартай байж, эргэх холбоотой ажиллаж буй” гэв.
Ухаалаг буюу автохудгийн төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийг БНХАУ, ОХУ, БНСУ-аас оруулж ирдэг бол технологийн хөгжүүлэлтийг нь “Баялаг говь”-ийн инженерүүд өөрсдөө хийдэг юм байна. Дээр дурдсанчлан, ирэх оноос нэвтрүүлэх “Автохудаг-6.0” төсөл нь технологио илүү боловсронгуй болгох зорилготой. Түүнчлэн цахилгааны зарцуулалтыг бууруулж, зарим аймаг сумд, эсвэл дүүрэгт сэргээгдэх үүсвэрээс гаргасан эрчим хүчээр худгаа ажиллуулах боломж бүрдүүлэхээ дээрх компанийн менежер Ө.Түвшинтулга хэлсэн. Тэрбээр “Худгуудын цахилгааны зарцуулалтыг багасган, эсвэл сэргээгдэх нөөцийн эрчим хүчээр ажиллуулж эхэлбэл байгальд ээлтэй хамгийн төгс шийдэл болно. Тодруулбал, нарны зайн хураагуурын тусламжтай эрчим хүч гарган, малын бэлчээрийн худгийг автоматжуулах санаа бидэнд байгаа юм. Малчид заавал гараар худгаа ажиллуулах бус, мал дөхөж очиход мэдрэгч ажиллан, ус гарна гэсэн үг. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ, малд ээлтэй шийдэл болно. Мөн бэлчээрийн худгийг автоматжуулах нь зэрлэг амьтдад ч хэрэг болно. Худгийн ойр орчимд очвол төхөөрөмж мэдрэн, ус гаргах юм. Үүний тулд технологио л сайжруулах хэрэгтэй. Бидэнд зорьж, төлөвлөсөн зүйл бий” хэмээн ярив. Ийнхүү суурин газрын иргэдийн ундны усны хангамжийг сайжруулж, худгийн найдвартай ажиллагааг хангах талд дэвшил гарсаар, автомат худгаар үйлчлүүлүүлж буй иргэд ам сайтай, холбогдох албаныхан нь ч сэтгэл хангалуун байна.