Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ, Засгийн газарт анхаарууллаа. Тэрбээр УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанд энэ талаар мэдээлэл хийж, үг хэлсэн юм. Өмнө нь тэрбээр үндэсний аюулгүй байдал, улс орны гадаад болон дотоод нөхцөл, тулгамдаж буй асуудлаар хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн билээ.
Төрийн тэргүүний хувьд “100 жил-10 зорилт” санаачилга дэвшүүлсний дотор “хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн бүрдүүлж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэн, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох”-оор тусгаснаа тэмдэглэв. Ерөнхийлөгч “Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан гэдэг. Социализмын үеийн он жилүүдэд ч аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг нь хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт болж байна. Манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрлээ. Цаашид дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй” гээд үүнд анхаарлаа хандуулж, алдаагаа засахыг уриаллаа.
Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганыг өнгөрсөн сард зохион байгуулж, гаргасан зөвлөмжийг нь УИХ, Засгийн газарт хүргүүлээд буй. Мөн ҮАБЗ-ийг хуралдуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргасныг тэрбээр дурдав.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ӨРГӨН БАРИХ НЬ ЗҮЙТЭЙ”
Төрийн тэргүүн “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтуудыг хангалттай хэрэгжүүлээгүй”. Нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга, хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудалд онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг санал болгож, тогтоолын төсөл өргөн барьж буй. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй” гээд ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалав. Эдгээрт мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосыг нэрлэлээ. Цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье гэв. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн бөгөөд дараах суурь шинэчлэлүүдийг хийхэд анхаарах шаардлагатайг онцолсон. Үүнд:
1. Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлах;
2. Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр ложистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх;
3. Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;
4. Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
5. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн, ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй, эрүүл бүс болох;
6. Ус, усалгаа, эрчим хүч, уур, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, нөөцийг нь зөв зохистой ашиглах, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх;
7. Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдүүлэх;
8. Зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоо бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
9. Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;
10. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн аж ахуйнууд байгуулах, суулгац, үржүүлгийн төв болон жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь нэн чухал гэв.
УИХ-ЫН ДАРГА ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй зорилт нэн чухал болохыг тэмдэглээд, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, импортыг орлох болон экспортыг дэмжих талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, эрүүл органик хүнс экспортлогч улс болохын төлөө хүн бүр, аж ахуйн нэгж, байгууллага болгон, ялангуяа УИХ, Засгийн газар, төрийн бүх шатанд хичээн ажиллахыг уриаллаа. Улмаар Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихийн тулд таван чиглэлээр үүрэг өгсөн юм. Тодруулбал,
1. Ерөнхийлөгчийн энэ чиглэлээр санаачилсан хууль, тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй, шуурхай шийдвэрлэж, үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх;
2. Төрийн тэргүүний санаачилсан тогтолцооны таван шинэчлэлийн хүрээнд хууль, эрх зүйн орчны давхардлыг арилган, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын үед боловсруулан батлуулах. Холбогдох УИХ-ын тогтоолын төслийг яаралтай эцэслэн боловсруулж, ирэх (энэ) долоо хоногт хэлэлцэн батлуулахын тулд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ажиллах;
3. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц тогтолцоо бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөц, санхүү, даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх;
4. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин өрнүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг, шаардлагатай бол түр хороо байгуулан ажиллуулах;
5. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг боловсруулан хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, санаачилгатай ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгав.