“Бүгд л адилхан биз дээ. Хаана ч тарьсан яадаг юм бэ” хэмээн уурсах бүсгүйн өөдөөс цэцэрлэгч “Бид маш нарийн зохион байгуулалт хийсэн. Хүссэн нь хаа дуртай газраа мод тарьж болохгүй. Энэ хэсэг байгууллагын захиалгатай. Тэдэнд зориулж, тарих модных нь тоогоор нүх ухсан. Та тийшээ очоорой” хэмээн баруун хойд зүг рүү заах аж. Бүсгүйн бухимдал дээд цэгтээ хүрэв бололтой. “Яахаараа ингэж ялгаж харьцдаг юм. Даргыгаа дууд, гомдол гаргана” гэж цамнав. Харамсалтай нь, гомдоллогч иргэний үгийг ойшоох хүн тухайн ажилтнаас өөр байсангүй.
Бүсгүй энэ газарт гэр бүлээрээ мод тарихаар хоёр хоногийн өмнө захиалга өгчээ. Ажилтнууд тэр дагуу талбайн баруун хойд хэсэгт 10 гаруй нүх ухаж, тарьц, суулгацыг нь ч бэлтгэсэн байна. Гэтэл тэрбээр тэдэнтэй зөвлөлгүйгээр хэл чимээгүй ирээд, бусдын талбайд “эзэн суучихаж”. Ном журмаараа бол захиалга өгсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цэцэрлэгчидтэй нэн түрүүнд уулзаж, мод тарих газраа заалган, зөвлөгөө авснаар ажлаа эхлүүлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд зааварчлуулах боломжтой аж. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мод тарих газар тусдаа гэнэ. Харин бүсгүй үүнийг дагаж мөрдөхийг хүсээгүйгээс ийм зөрчил үүсжээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлчүүд хэр идэвхтэй байгааг сурвалжлах зорилгоор өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очихдоо хамгийн түрүүнд ийм үйл явдалтай таарлаа. Талбайн баруун хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагынхан, иргэд мод тарьж байсан бол төвд нь нээлтийн арга хэмжээний бэлтгэл үргэлжилж байв. Тус газрын удирдлага, ажилтнуудын олонх нь нээлтийн арга хэмжээнд бэлтгээд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг хүлээж авах гээд гомдол сонсох манатай гүйлдэж байсан юм.
ИРЦ БУУРЧЭЭ
“Байгалиа бүтээе” уриатай хаврын мод тарих арга хэмжээг энэ удаа 14 хоног зохион байгуулахаар төлөвлөж, тавдугаар сарын 7-нд эхлүүлсэн. Албаны хүмүүс үүнийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбож тайлбарласан бөгөөд илүү өргөн хүрээг хамруулах зорилготой гэсэн юм. Гэвч энэ жилийн Бүх нийтээр мод тарих өдөрт иргэдийн идэвх, оролцоо сул байлаа. Өнгөрсөн жил гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүн зөрөх зайгүй болтлоо олны хөлд дарагдсан байв. Харин өнөө жил хувийн хэвшлийнхэн голдуу цугласан, иргэд тийм ч олон байсангүй. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн инженер “Энэ жил аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийт 100 гаруй захиалга хүлээн авсан. Голт бор, өрөл, далан хайс, тэхийн шээг, гүйлс, буйлс, агч, шар хуйас, улиас, хайлаас зэрэг 10 төрлийн 10 мянга гаруй мод суулгацаар тарих төлөвлөгөөтэй. Одоогоор манай газарт 32 төрлийн 150 мянган мод бий. Эдгээр нь 98.5 хувийн ургалттай байгаа. 2022 онд нийт 120 мянган мод тарихаар төлөвлөсөн. Үүний 20 мянга нь гурав ба түүнээс дээш жил бойжуулсан суулгац бөгөөд тэдгээрийг цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр тарина. Харин үлдсэн 100 мянгыг нь Туул голын эргийн хамгаалалт болгож, зурвас үүсгэж тарих юм. Мөн 14 га талбайд мод үржүүлгийн газар нэмж байгуулна” гэв.
Гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор мод тарихаар ирсэн Б.Чулуудай “Жил бүр ам бүлийнхээ тоогоор мод тарих төлөвлөгөөтэй. Зуслангийн газартай болчихвол хашаандаа бүр олныг тарих хүсэл бий. Тарьсан суулгацаа эргэж тойрох үүднээс гэртэйгээ ойрхон газрыг сонголоо. Моддыг эзэнтэй байлгах нь хамгийн чухал. Эзэнгүй мод амьдрах баталгаагүй” гэсэн бол хосуудын төгөлд суулгац нэмсэн Э.Отгонжаргал “Хамтдаа мод тарих юм сан гэж бодож явснаа биелүүллээ. Мэргэжлийн хүмүүс арчилгааг нь хариуцах учраас илүү найдвартай гэж үзэн энд ирсэн. Ургах болов уу гэж санаа зовохгүй байна. Өөрсдөө ч шалгах боломжтой” хэмээн ярив. Тэдний цаахан “Монполимет” групп, Барилгын хөгжлийн үндэсний төв, Монгол дахь Америкийн худалдааны танхим, ЭСЯ-ныхан нэрэмжит төглөө байгуулахаар ажиллаж байв. Цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хугацаанд ургуулсан 150, энэ онд нэмж тарих 120 мянган модонд зориулж “Түмэн шувуут” ХХК 30 тонн органик бордоо хандивлахаар болсныг цэцэрлэгчид энэ үеэр дуулгалаа.
ШИНЭ ОРЧИН
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхнийг Ерөнхийлөгчийг хүлээж авахаар ийнхүү бужигнаж байх зуурт хотын баруун захад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг, Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд талд байгуулж буй Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн нээлтэд оролцож байлаа.
“Их үйлсийн эрэлд” групп нийгмийн хариуцлагын хүрээнд эзэмшлийнхээ 35 га талбайд ботаникийн цэцэрлэг, ногоон байгууламж, хиймэл нуур, усан толио бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлснээ энэ өдөр нийслэлчүүдэд албан ёсоор танилцуулсан юм. Үүний хүрээнд Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гишүүн 40 гаруй компани тус хүрээлэнд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, мод тарих хүсэлтэй иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөв.
Тус төслийн хэвлэл мэдээлэл, маркетинг хариуцсан менежер Д.Жаргалсайхан “Нийт талбайн хоёр га-г нь урьдчилсан байдлаар, Бүх нийтээр мод тарих өдөрт зориулж тохижууллаа. 20 мянган мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 5000-ыг нь суулгасан. Өнөөдөр 400 орчим ам метр талбайд иргэдээр мод тариулна. Мод үржүүлгийн мэргэжлийн газрууд стандартын шаардлага хангасан, сайн чанарын тарьц, суулгацыг энд иргэдэд худалдаж байна. Бид хүмүүст хоёр сонголт өгч буй. Урьдчилж бэлтгэсэн хөрс, ухсан нүхэнд мод тарьж болно. Эсвэл энэ бүхнийг өөрсдөө гардаж хийх боломжтой. Эндхийн ногоон байгууламж, моддын арчилгааг төслийн менежментийн баг хариуцна. Тэр багт мэргэжлийн хүмүүсийг багтаасан. Иргэдийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан уулаас авчирсан, хортон шавжид идэгдсэн, импортоор оруулж ирсэн, амьдрах чадваргүй тарьц, суулгац худалдан борлуулах зөрчил мод тарих үеэр их гардаг. Ийм зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулж, хяналт тавьж байна” хэмээн ярилаа.
МОД ТАРИХ ГАЗАР АЛГА
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч, Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд ч мод тарих газрын хэмжээ хязгаартай байв. Шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг олон улсын жишиг, мэргэжлийн архитекторуудын загварчлалаар байгуулах учраас бүгдийг нарийн төлөвлөсөн, иргэдээр мод тариулах нь гол биш хэмээн онцолсон. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн мод тарих хүсэлтэй иргэдээс хэдхэн өдөр урьдчилсан захиалга аваад, хаачихжээ. Захиалга өгөлгүй ирсэн иргэдэд тэд “хаалгаа нээдэггүй” аж. Магадгүй үүний улмаас Бүх нийтээр мод тарих өдөрт сайн дураар нэгдэгчдийн ирц суларсан байж болох. Хүмүүс ойрхон, явдал суудал болохгүй газарт мод тарихыг эрмэлздэг. Гэтэл хотын төвд байгаа томоохон ганц цэцэрлэг нь хүртэл захиалга өгөөгүй гэдэг шалтгаанаар иргэдэд тийм боломж олгохгүй, аж ахуйн нэгж, байгууллагуудад найр тавьж байна. Гэр хорооллын иргэд хашаандаа мод, бут тарьж болно. Харин хотын төвийн хотхон, хорооллынхон энэ өдөр хаачих вэ. Уулын бэл, голын хөвөө гээд хаа таарсан газраа мод суулгах уу. Эзэнтэй, арчилгаа тордлогоо хийх боломжтой газарт тарьц, суулгац нутагшуулах нь түүний ургалтад чухал нөлөөтэй бус уу. Аль нэг газарт олон хоногийн өмнө захиалга өгч байж л мод тарих нүх “эзэмших” эрхтэй болох юм гэж үү. Үнэндээ хотын төвд мод тарих нэгдсэн зохион байгуулалттай, эзэнтэй, зай талбайтай газар дутагдаж байна. Нийслэлчүүд хэдий болтол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун “бөөрөнд”, нэг газраа эргэлдэх вэ.
“Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, “Баянгол” агропарк, “Ногоон хэрэм” төслийн талбай, Бумбатын булаг зэрэг хотоос зайтай газар бий ч дийлэнх нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас захиалга авдаг. Хоёр, гурван ширхэг мод тарих гэсэн хүмүүсийн саналыг хүлээж авдаг нь тун ховор. Уг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийхөн “Тэрбум мод таны тарих нэг ширхэг модноос эхэлнэ” гэж уриалж буй. Гэтэл бодит байдалд нэг мод тарих хүсэлтэй мянга, мянган хүн ийм өчүүхэн шалтгаанаас болоод “эрхээ хязгаарлуулаад” байна. Бүх нийтээр мод тарих өдрийн утга учир нь бүгд олноороо мод тарих биш бил үү.
Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үеэр Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Бүх нийтээр мод тарих өдөр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэр нөлөө үзүүлсэн гэж дүгнэх вэ?
-Ойн тухай хуульд “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр мод тарих үүрэгтэй. Тарьж чадахгүй бол зохих зардлыг хандивлана” гэсэн байдаг. Тэднийг хаана, ямар зохион байгуулалтаар мод тарихыг чиглүүлэх, дүйцүүлсэн зардлыг төвлөрүүлэх ажлыг төрийн захиргааны байгууллагууд дүрэм, журмаар зохицуулах ёстой. Харамсалтай нь, төр энэ зохицуулалтыг хангалттай хийж чадахгүй байна. Монголчууд 2010 оноос хойш өч төчнөөн мод тарьсан. Гэтэл өнөөдөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах нь ховор.
-Улсын хэмжээнд болон нийслэлд мод үржүүлгийн хэчнээн газар байна вэ. Тэдгээр нь хэр хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай бол?
-БОАЖЯ-наас хууль ёсны дагуу зөвшөөрөл авсан, бүртгэлтэй компани 300 гаруй бий. Энэ компаниуд бүгд газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл эргэлзээтэй. Үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг 150-иад компани байна. Манай холбоо гэхэд 110 гишүүн байгууллагатай. Тэд бүгд мод үржүүлгийн газартай, тарьц, суулгацын нөөцтэй.
Тэрбум мод тарих зорилт дэвшүүлэн, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг эрчимжүүлэхийг зорьж байгаа энэ үед төр мод үржүүлгийн газруудыг дэмжиж, хамтран ажиллах ёстой. Одоогийн байдлаар бодлогын болон санхүүгийн ямар ч бодитой дэмжлэг алга. Тарьц, суулгацын нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар ийм газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь өсгөх шаардлагатай. Хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгож, татварын уян хатан бодлогоор дэмжих хэрэгтэй. Ялангуяа газар олголтын асуудалд онцгой анхаарах шаардлагатай санагддаг. Модыг газар дээр л үржүүлж, бойжуулдаг шүү дээ. Хэр их хэмжээний нөөц бүрдүүлэхийг зорино, тэр хэрээр талбайн хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Тэрчлэн ажиллах хүчний нөөцийн асуудал тулгамдаж буй. Цалин хангамж муу, улирлын чанартай зэргээс болоод ойн салбарт тогтвортой ажиллах хүн олддоггүй. ХНХЯ “Ногоон ажлын байр” төсөл зарласан юм билээ. Энэ санаачилга хамгийн түрүүнд мод үржүүлгийн газрууд руу чиглээсэй гэж хүсэж байна.
-Монголчууд 2030 он хүртэл тэрбум мод тарина гэдэгт та хэр итгэл үнэмшилтэй байгаа вэ?
-Тэрбум мод тарихад нөөц, чадвар, туршлага хэрэгтэй. Эдгээрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд түрүүн ярьсанчлан мод үржүүлгийн газруудыг дэмжиж, ойн салбарыг хүний нөөцөөр хангах нь чухал. Модлог ургамлын генетик нөөцийг хадгалж, хамгаалах, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх чиглэлээр цогц бодлого боловсруулах шаардлагатай. Үүний тулд өнөөгийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, дүгнэх ёстой.
Тэрбум мод тарина гээд зарлаад л байна. Чухам ямар газарт тарих нь одоо хүртэл тодорхойгүй. Байгалийн ойг нөхөн сэргээх зорилгоор 700 сая мод тарина л гэнэ. Ийм хэмжээний мод тарихад хэдэн зуун мянган га талбай хэрэгтэй. Тэр газар яг хаана байна вэ. Энэ бүхнийг тодорхой болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдээ нэгдсэн мэдээллээр хангах шаардлагатай. Наанадаж мэргэжлийн байгууллагууддаа мэдээлэх хэрэгтэй шүү дээ.
Байгалийн ойг нөхөн сэргээх, суурин газарт мод тарих хоёр эрс ялгаатай. Модны төрөл зүйл, шаардагдах зардал, арчилгаа тордлогоо, ургалт гээд олон зүйлээрээ өөр. Үүнийг харгалзаж хуваарилалт хийх нь чухал. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амлалт өгсөн банк, томоохон аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд тооны араас хөөцөлдөх бус, чанарт анхаараасай. Өөрсдөө чадахгүй бол мод тарьж ургуулахад шаардлагатай зардлыг дүйцүүлэн өгөх боломж бий. Тус санаачилгатай холбоотойгоор мод үржүүлгийн газар ойрын жилүүдэд олшрох байх. Энэ тийм ч амар ажил биш. Эхний таван жил ямар ч үр өгөөжгүй, байнгын арчилгаа тордлого шаарддаг. Хүмүүс үүнийг тооцоололгүй сэтгэлийн хөөрлөөр олон мянган мод тарьж, тарьц, суулгацын нөөц, хөрөнгө санхүүгээ үрэн таран хийх вий гэж болгоомжилж байна.