Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Эх орон гэр бүлээс эхтэй” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулж, гэр бүлийн үнэ цэн, харилцаа, эцэг, эхийн хариуцлага, үр хүүхдүүдийн хүмүүжил гэсэн сэдвүүдийн хүрээнд командлалын бүрэлдэхүүн гэр бүлийн хамт сургалтад хамрагдаж, нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлэв. Арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар “Та бүхэнтэйгээ хоёр чухал үйл давхацсан өдөр уулзаж байгаадаа баяртай байна. Нэгдүгээрт нь өнөөдөр “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”, хоёрдугаарт маргааш “Олон улсын гэр бүлийн өдөр”. Энэхүү тэмдэглэлт хоёр өдөр нь та бидэнд онцгой чухал учраас гэр бүлийн гишүүдээ урьж, уулзаж байгаа нь энэ.
Хуурай замын цэргийн командлал захиргааны удирдлага бие даан хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг зүйлд онцгой анхаарсан нь алба хаагчдынхаа төлөвшил, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжил гэсэн сэдэв юм. Өнөөдөр цэргийн албанаас гадна тэдний хүмүүжил, төлөвшил, гэр бүлд онцгой анхаарах ёстой цаг үе ирсэн байна. Хоршиж анхаарах ёстой гэсэн үг. Тийм ч учраас 2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд харьяа нэгтгэл, ангиуд ч өргөн хүрээнд хамтран ажиллаж байна” гэв.
Тэрбээр цаашид хэлэхдээ Хуурай замын цэргийн үйл ажиллагаа амжилттай байгаагийн ард Зэвсэгт хүчний бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь нь болсон гэр бүл, үр хүүхэд байдгийг баярын энэ өдөр онцгойлон хэлэхийг хүсэж байна. “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” бол амьдралынх нь үнэнч хань, амжилтынх нь өмөг түшиг болж, алдаа оноо бүрийнх нь ард сэтгэл догдлон байдаг ар гэрийнхэн Та бүхний баярын өдөр юм" гээд өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Г.Отгонтуяа даргатай Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Энэ үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Анхчимэг “Гэр бүлийн харилцаа”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Төв аймаг дахь салбарын хөгжлийн чиглүүлэгч Ч.Уранчимэг “Эерэг хүмүүжлийн арга”, “Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэг”-ийн Төв аймаг дахь салбарын менежер Б.Отгонлхагва “Гэр бүл төлөвлөлт” сэдвээр тус тус сургалт явуулж, командлалын гэр бүлийнхний дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулахад хошууч Ц.Ганбатын гэр бүл тэргүүлэв. Мөн энэ өдөр тус командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Т.Анухатан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэсэн юм. Өдөрлөгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХЗЦК-ын байрлалд генерал, офицер, ахлагч нар гэр бүлийн хамт мод тарилаа.