НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан. Энэ жил Гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хотжилт” сэдвийн дор тэмдэглэхийг НҮБ-аас шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд хотжих үйл явцын гэр бүлд үзүүлэх нөлөөллийг анхаарч, хосод ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалжээ.
Монгол Улс ч дэлхий нийтийн нэгэн адил гэр бүлийн өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэж, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхны төлөөх үйл ажиллагааг улам өргөжүүлэн олон нийтэд хүргэх, залуу гэр бүлд үлгэр дууриалал үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
Тухайлбал, "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан "Хүүхдэд хайртай хүн бол..." НҮТББ-аас Сүхбаатарын талбайд "Үндэсний гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгт 50 орчим сэтгэл зүйч ирж, эцэг эхчүүд, иргэдэд гэр бүлийн эрүүл харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Мөн шүдний эмч, хүүхдийн эмч нар асруудад байрлаж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх аж. Мэргэжлийн көүч нар эрэлттэй ажлын байруудын талаар мэдээлэл өгч, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх зэргээр олон үйл ажиллагаа болно.
Улсын хэмжээнд 897.4 мянган өрх тоологдсоноос 59.7 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 22.7 хувь нь нийлмэл ам бүлтэй, 15.4 хувь нь ганц бие, 2.2 хувь нь холимог ам бүлтэй байна. Үүн дотор хотын өрх 26.4 хувиар, хөдөөгийн өрх 24.3 хувиар тус тус өссөн. Анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр насаар хойшилжээ. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн насны ялгаа ойролцоогоор нэгээс хоёр насны зөрүүтэй байгаа нь сүүлийн 20 жилд өөрчлөгдөөгүй байна.