БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлж, санал солилцлоо. Уулзалтаар ХНХҮТ-ийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд гишүүн М.Оюунчимэг НББХ-ны даргын хувьд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасгийн алба хаагчдын цалингийн асуудал, мөн байгууллагын дүрэмд нэмэлт оруулах тухай асуудлуудын талаар ярилцсан аж.
Мөн Монгол, Солонгос улсын хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх, зуучлах үйлчилгээг үзүүлж байх, нийгмийн даатгалын үйлчилгээг өргөтгөж жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж зэргийг Солонгост олгож байх асуудлуудаар ярилцлаа. Солонгост оршин сууж буй монгол иргэд тус улсад байх хугацаандаа дээрх үйлчилгээг авч чадахгүй явсаар байдаг, авахын тулд заавал өөрийн биеэр Монгол Улс руу явж ирэх шаардлагатай болдог, эс бөгөөс Монголд буцаж очсоныхоо дараа л өөрийн биеэр хөөцөлдөх шаардлагатай байдаг зэрэг нь хүндрэл үүсгэдэг, иргэд энэ асуудлаар ХНХҮТ-д нэлээд ханддаг юм.Төвийн дарга Д.Баярмандах уулзалтын үеэр НББХ-ны даргад БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн тухай хууль болон Үндэсний тэтгэврийн тухай хуулийн орчуулгуудыг гардуулж өглөө.