Манай улсад ирээд буй БНСУ-ын нэрт зураач И Юн Жонтой ярилцлаа. Тэрбээр зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аяныг дэмжиж яваа юм. Зураачийн “Beyond the borders project-catharsis” үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болохын өмнө уулзлаа. Бүтээлүүдтэй нь танилцахад сэтгэл, бодол, хүсэл, баяр, гуниг, аз жаргалын өнгө иймэрхүү байх юм болов уу гэхээр сэтгэгдэл төрж байлаа. Нэг бол ердөө гурав, эсвэл нэлээд хэдэн өнгийн зохицлоор шүлэг найраг бичиж, хөгжим зохиох мэтээр татаж, гүйлгэдэг аж. Уран зураг дахь контемпорари буюу орчин үеийн чиглэл ажгуу. Зураачаас “Та зүүдэндээ харсан, мэдэрсэн өнгөө буулгадаг юм биш биз” гэхэд “Тийм тохиолдол байдаг” гэлээ. Бид ийн ярилцсан юм.
-Монголд ирээд нэлээд хэд хонолоо. Салхи, шуургатай үе таарлаа. Хөдөө явахдаа зүдрэв үү. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Талд морь унасан хүн олон байх болов уу гэж бодож ирсэн. Гэтэл өөр юм. Хөдөө зугаалаад ирсэн. Ядраагүй ээ. Анхны сэтгэгдэл зурагтай холбогдох нь. Ирснээс хойш олон зураг хараагүй ч багцаа баримжаа авах хэрийн бүтээлүүдтэй танилцлаа. Монголын зураачид миний зурдаг арга барилаас өөрөөр туурвидаг юм болов уу гэсэн бодол төрсөн. Үндэсний хэв маяг зонхилдог юм байна.
-Энэ нь муу юу?
-Өөрийн мэдрэмжийг өнгөөр илэрхийлж зурахыг илүүд үзвэл гадаад зах зээлд сонирхол татах нь илүү байх болов уу гэсэн утгаар хэллээ. Цаашид олон зураачтай танилцаж, бүтээлийг нь үзвэл бодол минь өөр болох байх аа. Зураачидтай өнгөөр “тоглож” бүтээх талд туршлага солилцох хүсэл байна. Ер нь аль ч орны уран бүтээлчид туурвидаг төрлөө өөрчилсөөр байгаад эцэст нь контемпорарид тулж ирдэг юм билээ. Сүүлийн үед хүмүүс оюун ухаан, сэтгэлд болж байдаг бүхнийг илэрхийлдэг бие гэх юмгүй, харахад дүрсгүй зургуудыг илүү анхаарч, сонирхдог болсон. Хөгжим, уран зураг зэрэг соёлын бүтээгдэхүүн нь мэдрэмжийг гадагшлуулж байдаг. Хүмүүс таашааснаар дотоод сэтгэлээ эмчилдэг хүчин зүйл болдог.
-Та авьяастай юм. Улсынхаа Үндэсний урлагийн их сургуульд суралцаж мэргэжил эзэмшжээ. Хүний дотоод сэтгэлийн өнгийг ийм яруу, ялдам байдлаар зурдаг болох хүртэл хэдий хэр хугацаа зарцуулсан бэ. Хэр удаж олон улсад нэртэй зураач болсон бэ?
-Зөвхөн их сургуульд сурснаар, зурах бүхий л техникийг эзэмшсэнээр зураач болдоггүй юм шиг. Надад зургийг ингэж зурснаар юу илэрхийлж байгаа вэ гэдгийг хэлж өгдөг гэх юм уу, дотоод сэтгэлийн тусдаа хүч байдаг юм шиг санагддаг. Дунд сургуулийн сурагч байхаасаа би үүнийг мэдэрсэн юм. Замналаасаа товч ярья. 2001 онд Урлагийн их сургуульд элсэж, суралцаад, төгссөн. 2014 оноос Нью-Йоркийн “So¬theby” дуудлага худалдааны талбарт тавигдсан зургуудаас минь олон орны хүмүүс сонирхож эхэлсэн. Тэр цагаас бүтээлүүдээ хүмүүст хүргэж чаддаг болсон л доо. Олон тоогоор худалдаж эхэлсэн. 2014 оныг онцгойлж хэлж буй минь учиртай. Тэр жилээс уран зураг сонирхогчид гадаадын зах зээл дээрээс миний бүтээлийг таньдаг, хайдаг болж эхэлсэн. Залуу насандаа хүмүүсийн анхааралд өртсөн болохоор би азтай. Манай улсад сайн, алдартай зураач олон. Гэтэл би залуугаараа бүтээлүүдээ таниулж эхэлснээрээ ялгаатай. Миний бас нэг онцлог бий. Ямар үндэстэн юу сонирхдог, ямар зурагт дуртай байж болохыг судалснаар бүтээлээ ангилдаг болсон. Аль нэг оронд үзэсгэлэн гаргахдаа үзэгчид миний бүтээлийг хараад ямар хариу үйлдэл үзүүлж байгааг анхааралтай ажигладаг.
-Зах зээлээ судалдаг гэсэн үг, тийм үү?
-Тийм ээ. Эдийн засгийн утга байх ёстой. Үндэстнүүдийн сонголт өөр, өөр. Жишээ нь францчууд гоё юманд дуртай, ганган, загварлаг хүмүүс. Тэд өнгөлөг, хурц шийдэлтэй зурагт дуртай. Би зураг сонирхдог, хайрладаг, үздэг хүмүүстэй ярилцах их дуртай. “Та яагаад энэ зургийг сонирхож байна вэ”, “Эндээс юу олж харсан бэ” гэхчлэн асууж, хэрхэн хариулахыг нь хүлээдэг. Ер нь уран зургийн зах зээлийг ажиглахад эхэн үедээ нүдэнд илт мэдэгдэх дүрс, хэлбэртэй, түүхэн сэдэвтэй ч юм уу зургуудыг сонирхож байсан үе байдаг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам сонирхол нь өөрчлөгдсөөр одоо оюун ухааны хүч, хөгжлийг илэрхийлж харуулах зургууд руу чиглэдэг болсон.
-Нью-Йоркт үзэсгэлэн гаргахад тухайн үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдийг тань худалдаад авчихдаг гэж сонссон. Тэндхийн хүмүүс ямар зураг сонирхдог вэ?
-Хурц шийдэлтэй зургуудад дуртай. Дэлхийн II дайны дараа аль ч улс орны хүмүүсийн сэтгэл санаа ихэд өөрчлөгдсөн үед зураач нарын арга барилд ч бас өөрчлөлт гарсан. Зурахдаа будгаа цацах, холоос шидэх, тэгэх явцдаа хурц өнцөг бүхий дүрс үүсгэх зэргээр зурж эхэлсэн. Тэр үед тийм зурагт дуртай, худалдаж авдаг хүн олон байсан бол одоо өөр болжээ. Хүмүүс яагаад хурц шийдэлтэй, будаг цацаж, өнгө илэрхийлсэн зурагт дурладаг байсан бэ гэхээр тэр хүмүүсийн сэтгэл санаа яг тийм байгаад, ийм зураг худалдаж авахаар тайвширдаг байсан юм шиг. Хүмүүс үүнийг мэдрээд, тийм, замбараагүй мэт зураг сонирхдог байсан болов уу.
-Жишээ нь, тэнд өлгөж байгаа хоёр зураг хосоороо нэг утга илэрхийлж байна уу. Хэрхэн төрүүлсэн талаараа ярьж өгч болох уу. Дийлэнх зураг тань олон өнгөнөөс бүрдсэн байхад энэ хоёрыг хар, шар, цагаан гэсэн гурван л өнгөөр бүтээжээ.
-Тийм ээ, хоёуланг нь харах ёстой. Би аливаа оршихуйг өөр, өөр өнгөөр илэрхийлж зурдаг. Энэ тохиолдолд бол хар өнгө нь би өөрөө юм. Гадуур нь байгаа нөгөө хоёр өнгөөр орчныг, өнөөгийн хүмүүсийн завгүй амьдралыг илэрхийлсэн юм. Хүн бүр өөр, өөрийн үүрэгтэй. Би зураач, та ээж, тэр бол охин. Тэд бүгд дор бүрнээ амьдралтай тул завгүй. Тийм, намайг анхаарах хүнгүй орчинд би ганцаардаж байдаг гэсэн санааг гаргах гэсэн юм. Хүмүүс асууж байсан. Өчнөөн олон өнгө байхад энэ зурагтаа яагаад гуравхан өнгө ашигласан юм бэ гэж. Надад энэ санааг илэрхийлэхэд энэ гурваас өөр өнгөний сонголт байхгүй. Өөрийгөө яагаад хар өнгөөр зурав. Завгүй амьдрал дунд буй би өвдөнө, зовно, гунина. Тэр үед ганцаардаж л байдаг. Алтлаг шар өнгө бол миний хүсдэг амьдралыг илтгэнэ. Цагаан өнгө бол миний цагаан цайлган сэтгэл. Ер нь өнгөнүүдээр хүний төрөлх араншинг илэрхийлдэг л дээ.
-Үүнийг хурдан зурсан уу?
-Тийм ээ. Зураасуудыг нэг л татаж эхэлсэн бол дуусгах ёстой учир зогсож болохгүй. Зурах бэлтгэлээ хангаж байхдаа хаанаас нь эхлэх билээ гэж боддог. Толгойд минь юу бодогдоод байгааг санан, санан бийрээ барьж, сэтгэлдээ харснаа бушуухан буулгадаг.
-Хөгжмийн зохиолч шиг л юм байна.
-Магадгүй ээ. Зураач, уран бүтээлчдэд шинэчлэгдэх, өөрийгөө эвдэх үе шат байдаг юм билээ. Надад ч тийм үе байсан. Нью-Йоркт үзэсгэлэн анх гаргахаас өмнө америк зураачдын бүтээлийг хараад шооконд орж байсан. Би өөрийгөө их дардаг байсан юм билээ. Арай л хурцаар шийдэж байна гэж боддог байж. Америкт очсоноор, бусадтай хамтарч ажилласнаар үндсэндээ хүлээснээс тайлагдсан. Тэгэхээр аль ч улс орны уран бүтээлчид хоорондоо уулзаж, ярилцдаг байх нь зүйтэй.
-Юм үзэж, нүд тайлах гэж монголчууд ярьдаг.
-Тийм ээ. Явах, судлах тустай.
-Дунд сургуулийн долдугаар ангид байхдаа зурж эхэлсэн гэсэн. Түүнээс бага насандаа зурж байгаагүй гэж үү?
-Багадаа зурах дуртай байсан болохоос хэрэг болгон сууж байгаагүй. Дунд ангид байхдаа хааяа зурахад эргэн тойрныхон гоё зурж байна гэдэг байсан. Тэр үед усан спортын тамирчин байсан болохоор алийг нь сонгох вэ гэж нэлээд бодсон. Эцэст нь зурахыг хүссэн.
-Танай гэр бүлд тан шиг авьяастай хүн өөр бий юү?
-Миний аав, ээж боловсролын салбарт ажилладаг, профессорууд. Би л зураач. Аав минь хөгжимд дуртай. Би хөгжим сонсож зурдаг. Тэгэхээр энд ямар нэгэн холбоо байна уу гэж боддог юм. Би зурах л ёстой хүн юм байна гэдгээ эрт мэдсэн болохоор бусад хичээлээ давтдаггүй байсан (инээв).
-Хэтэрхий хувийн шинжтэй асуулт байж болох юм. Гэсэн ч тавья. Та эрэлттэй зураач, бүтээлүүд тань өндөр үнэд хүрдэг юм байна. Бий болгосон хөрөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Үнэхээр хувийн амьдрал руу өнгийсөн асуулт байна. Гэхдээ хариулъя. Өөртөө, гэрийнхэндээ зориулдаг. Би саяхан хүсэж байсан газартаа байртай, урлантай болсон. Байгалийн сайхныг харангаа зураад сууж байх боломжтой болсон. Би Солонгостоо ч, Америкт ч компанид харьяалагддаг болохоор миний бүхий л асуудлыг тэд мэддэг юм шүү дээ.
-Та Монголоос очоод, хаашаа ямар ажил амжуулахаар явах вэ?
-Франц руу ниснэ. Луврын музейн бага танхимд үзэсгэлэнгээ гаргах юм.