Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл Азийн спортын сэтгүүлчдийн холбоо болон Тайванийн спортын сэтгүүлчдийн холбооноос эрхлэн гаргадаг “Women in sport” сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарын нүүр хуудсанд гарчээ. Уг зургийг “Токио-2020” олимпын үеэр авчээ. Олимпын үеэр жүдогийн 63 кг-ын жинд аварга болсон Францын тамирчин Кларисс Агбеньенугийн дүрийг уг зурагт буулгажээ. Сэтгүүлийн редакцын зүгээс уг дугаарынхаа талаар танилцуулахдаа “Токиогийн олимпын алтан медальт Кларисс Агбеньенугийн зургийг онцолж байна. Гайхалтай бүтээлээ илгээсэн Чулуунбаатарын Ганбат, Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд талархал илэрхийлье” хэмээжээ.
Ташрамд дурдахад, гэрэл зурагчин Ч.Ганбатын “Шүүрэхийн өмнө” бүтээл 2020 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны оны шилдэг гэрэл зургийг тодруулах “Алтан агшин” уралдаанд гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртэж байсан билээ.